Селин Дион мэдрэлийн тогтолцооны ховор өвчинтэй тэмцэж байгаагаа зарлалаа

Twitter Print
2022 оны 12-р сар 09-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Алдарт дуучин Селин Дион өөрийн албан ёсны инстаграм хуудаснаа мэдрэлийн тогтолцооны ховор эмгэгтэй тэмцэж буй тухайгаа зарласан бичлэгийг нийтэлжээ.

54 настай Селин Дион олон жилийн турш эрүүл мэндтэй холбоотой асуудлуудтай тулгарсан, тэдгээрийн эх үүсвэр нь мэдрэлийн тогтолцооны ховор эмгэг болох Булчин чангарлын хам шинж болохыг тогтоосон хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Харамсалтай нь булчин чангарах зовуурь нь өдөр тутмын минь амьдралд нөлөөлж, заримдаа алхахад хүндрэлтэй болж, өмнөх шигээ дуулж чадахгүй болж байна. Миний дэргэд чадварлаг эмч нарын баг, намайг дэмжиж, итгэл найдвар хайрлаж байгаа хүүхдүүд минь байна. Эрч хүчээ буцаан олж авах, тайзан дээр дахин гарахын тулд өдөр болгон эмч нартайгаа шаргуу ажиллаж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд хэцүү байна." хэмээн ярьжээ.

Уг өвчнийхөө улмаас Селин Дион 2023 оны хавар эхлэх ёстой байсан аялан тоглолтоо хойшлуулсан байна.

Энэ талаар Их Британийн удмын эмгэгтэй хүмүүсийг нэгтгэсэн Genetic Alliance байгууллагын гүйцэтгэх захирал Луис Фиш, "Ийм ховор эмгэгтэй хүмүүс оношоо олж тогтоох гэж маш уддаг. Тэдгээр хүмүүсийн 30 гаруй хувь нь өөрт нь илэрсэн шинж тэмдэг яг тухайн өвчний шинж тэмдэг гэдгийг мэдэх хүртлээ 5 ба түүнээс ч олон жил болдог. Энэ нь тухайн хүндээ маш хүнд хэцүү байхаас гадна ганцаардах шалтгаан болдог. Селин Дион өөрийн оношийн тухай нээлттэй ярьж байгаа нь маш талархууштай юм. Өөрийн өвчин зовлонгоо бусадтай хуваалцаж, харилцаа холбоо тогтоох нь өвчнөө хүлээн зөвшөөрч, хэвийн амьдрахад тусална." хэмээн онцолжээ.

Булчин чангарлын хам шинжээр Их Британид л гэхэд 200 000 хүн тутмын 1 нь оношлогддог ба уг эмгэг нь хүний дархлалын тогтолцооноос үүдэлтэй аж. Тус эмгэгийг эдгээх эмчилгээ гэж байхгүй ч хими болон дархлаа эмчилгээгээр өвчний шинж тэмдгүүдийг сулруулах боломжтой аж.

Селин Дионы хувьд 2021 оны 10-р сард Лас Вегас дахь тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулж байгаагаа мэдэгдэх үедээ биеийн булчингууд нь чангарч буй шинж тэмдгийн тухай анх дурдаж байсан аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.