14.4 мянган иргэний 16 тэрбум төгрөгийн сургалтын зээлийг чөлөөлнө

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Засгийн газар Боловсролын зээлийн сангаас зээлээр сургуулиа төгсөж, гэрээний үүргээ биелүүлсэн 14 мянган иргэний зээлийн төлбөрийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн билээ.

Улмаар журмын төслийг УИХ-д өргөн барихаар тогтсон юм. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл авчээ. Мөн 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн УИХ-ын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

Журмын төсөлд:

  1. сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;

  2. зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;

  3. дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улсдаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;

  4. эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;

  5. иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;

  6. сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.