С.Эрдэнэ: М.Тулгатын нэрийг дахин өргөн барих эсэхийг хэлэлцэнэ. Хэрвээ дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзвэл хариуцлагын асуудал яригдана

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

АН-ын дарга С.Эрдэнэ, Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “Нээлттэй микрофон буюу чөлөөт индэр ажиллуулах ажлыг Ардчилсан намаас эхлүүлсэн. Нээлттэй микрофон ажиллуулах гол шалтгаан нь сүүлийн үед болсон улс төрийн томоохон үйл явдлууд, хүний эрхийн асуудалтай холбоотой бодит ажлыг Ардчилсан намын зүгээс эхлүүлье гэсэн зорилгоор уг ажлыг эхлүүлж байгаа.

Бид тайван замаар эрх баригчдад ойлгуулах, эрх баригчдын алдааг засаж залруулах, шүүмжлэлтэй, хамтарч ажиллах байр суурийг барих болно. Шаардлагатай бол дараа дараагийн тэмцлийн өөр хэлбэр лүү шилжиж ажиллана. Нээлттэй микрофоны үйл ажиллагаа 2021 он дуустал өдөр бүр 15.00 цагт явагдана. Он гараад чөлөөт индэрийн үйл ажиллагааг өргөжүүлж, өөр хэлбэрээр энэ ажлыг зохион байгуулна.

Мөн үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрийг санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ өдөр батлагдаад бүх нийтийн амралтын өдөр болсон. Түүхэн өдрийн үйл явдлыг  залуу хойч үедээ зөв зүйтэй талаас нь ойлгуулах ёстой.

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын баярыг аль болох бүдэгрүүлдэг, түүхийг гуйвуулдаг үйл ажиллагаа өнгөрсөн зуун жил явж ирсэн. Энэ жил Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 110 жилийн ой болно.

Улсын Дээд шүүх гурав хоногийн өмнө хуралдсан. Ардчилсан намын нэрийг барьж Ардчилсан намын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн, Ардчилсан намын даргаар бүртгүүлэх гэсэн О.Цогтгэрэлийн материалыг хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намд ямар нэгэн хуваагдал байхгүй. Ардчилсан нам нэг л эрхзүйн бүртгэлтэй. Улсын Дээд шүүхийн 2017 онд гаргасан тогтоол шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Улсын бүртгэлд нэг л Ардчилсан нам бүртгэлтэй байгаа. Сая үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас хамтран зохион байгуулсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж улс төрийн намуудын тооллогоор Ардчилсан нам энэ бүртгэлд хамаарагдсан. Цаашид аливаа нэг хууль бус, эрх зүйн чадамжгүй этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Бид өөрсдийнхөө намын дотоод бүрэн бүтэн байдлыг хамгаалж ажиллана.

Ардчилсан намд асуудал бий. Намын дараагийн даргыг сонгож, Улсын Дээд шүүхэд гурван удаа албан ёсоор өргөн барьсан. Улсын дээд шүүх хууль бус тайлбаруудыг удаа дараа бидэнд ирүүлж байсан. Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл болон улс төрийн намын даргын бүртгэлтэй холбоотой асуудалд ямар нэгэн шүүхийн хянан шалгах ажиллагаа явуулдаггүй. Хуулийн заалт чиг үүрэг байхгүй. Тэд зөвхөн улсын  бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг” гэж мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ардчилсан намын даргаас Т.Тулгатын нэрийг татаж, та өөрийн нэрийг дэвшүүлсэн гэсэн мэдээлэл байна?

-Хууль ёсны бүртгэлтэй Ардчилсан намын даргыг төлөөлж үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол С.Эрдэнэ. Энэ бүртгэл хэвээр байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэсэн бүртгэл хэвээр байгаа. Өөрийгөө бүртгүүлэх гэсэн асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Би угаасаа бүртгэлтэй намын дарга. 

Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч н.Сонинбаяр 2020 оны арваннэгдүгэр сарын 18-нд Улсын дээд шүүхийн тамгын газрын цахим мэдээллийн сайт дээр байсан Ардчилсан намын цонхон дээр байсан С.Эрдэнэ гэсэн нэрийг арилгаж оронд нь Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэсэн бичилтийг хийсэн. Энэ бичилтийг яагаад хийсэн бэ гэдэгт асуудал үүссэн. Сахилгын хороонд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч н.Сонинбаярт хууль бус үйлдэл хийсэн байна гэдэг дүгнэлт гаргасан. Улмаар тус шүүгч гомдол гаргаж, шүүхэд хандсан. Ингээд н.Сонинбаярын гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо болтол мэдээллийг сэргээгээгүй байгаа. 

М.Тулгатын бүртгэлтэй холбоотой асуудалд хоёр нөхцөл үүссэн. Бүрдүүлвэр хангах материал дээр дутуу материал байсан. Түүнийг гүйцээж өгөх шаардлагатай байсан. Мөн үндсэн дүрмийн хороотой холбоотой О.Цогтгэрэл М.Тулгат хоёул гарын үсэг зураад аль нь ч сонгогдсон байсан ямар нэгэн гомдол байхгүй, бид хоёрын аль нэгийг бүртгээд өгөөч гэсэн албан бичгийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм билээ. Энэ нь өөрөө Ардчилсан намын үндсэн дүрмийг ноцтой зөрчиж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Ардчилсан намын даргын суудал наймааны хэрэгсэл биш. Хэн нэгэн хоёр хүн хоорондоо тохиролцоод шийддэг зүйл биш. Хууль дүрэмтэй улс орон, нам бол хуулийн дагуу л явах ёстой. М.Тулгат хууль ёсны Ардчилсан намыг төлөөлж "Хэрвээ О.Цогтгэрэлийг бүртгэвэл бид гомдолгүй" гэх эрх байхгүй. Удирдлагын багаар яригдаагүй асуудлыг дур мэдэн шийдсэн. Энэ асуудалтай холбоотой үндсэн дүрмийн хороо удахгүй хуралдана. М.Тулгатын нэрийг дахин өргөн барих эсэхийг хэлэлцэнэ.  Хэрвээ дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзвэл хариуцлагын асуудал яригдана. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.167) 2013-11-28 13:48
      • 1
      • 0

      Болж дээ. Гоё кино шүү. Би лав хүүхдүүдтэйгээ зэрэгцэж суугаад үздэг.

      Хариулах