Ардчилсан нам УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцсөний дараа Ерөнхий сайдыг томилно

Twitter Print
2014 оны 11-р сар 15-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон Ардчилсан намын ҮЗХ хурлаар тус намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод ажлаа хүлгээлгэн өгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Ч.Сайханбилэгийг тодруулсан билээ. Ардчилсан намын даргаар сонгогдсон З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ш.Түвдэндорж нар өнөөдөр ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-ынхан даваа гарагт Ерөнхий сайдад нэр дэвшигчээ дэмжүүлэхээр УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөн, Ерөнхий сайдаа томилох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Энэ үеэр  Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг АН-ын бүлэг дэмжих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд "Манай нам даваа гаригт УИХ-д суудалтай намуудад Ерөнхий сайдад нэр дэвшигчээ албан ёсоор танилцуулж, томилох эсэх талаар зөвшилцөж эхэлнэ" гэж мэдэгдлээ.

Өчигдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаар санал хураалтад оролцсон нийт 168 гишүүний 147-гийн буюу 87 хувийн саналаар УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргаар сонгогдсон бол Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж нууц санал хураалт явуулахад ҮЗХ-ны гишүүдийн 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дэмжигдсэн билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.