Сонгодог хөгжмийн суут бүтээлүүдээс сонсгоё

Twitter Print
2016 оны 07-р сар 02-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Xүмүүсийн олонх сонгодог хөгжмийг нойрны, ойлгоход бэрх, нэг тийм оюунлаг хүмүүс л хүртэж мэдэрч чадах чимхлүүр зүйл мэтээр ойлгодог. Угтаа сонгодог хөгжим нь бидний сэтгэлийн гүнд амьдралын бэрхшээл зовлонд дарагдсан гэгээлэг мэдрэмжүүдийг өдөөж, хүний сэтгэлийг энэ ертөнцийн яруу хэмнэлтэй холбож, далд зохицолдлогыг бий болгодог.

Сонгодог хөгжимд дургүй гэх хүмүүс гагцхүү тэр хөгжмийг сонсоогүй болоод л тэгж хэлсэн байж болох юм. Эсвэл уур амьсгал нь бүрдээгүй ч юм уу зохицоогүй ая аялгууг сонссон байх, нэг бол биеэ суллан бодол санаагаа чөлөөлөөгүй байх. Сонгодог хөгжмийг ойлгодог байхад танд хөгжмийн боловсрол, мэргэжлийн нарийн нэр томъёо, хөгжмийн зохиолчдын нэрийг аг мадаггүй мэддэг байх шаардлага байхгүй.

Бах, Бетховен, Моцарт гэх агуу суутнуудаар хязгаарлагдалгүй шинэ үеийн сонгодог хөгжмийн зохиолчдын ая аялгууг түүвэрлэн орууллаа. Тухлан сууж, чихэвчээ зүүгээд, нүдээ аниарай. Тэгээд сонгодог хөгжмийн ер бусын ертөнцийн гүн рүү бүх эд эсээрээ нэвчин орохыг хичээгээрэй. Хэрэв зээ та амьд хөгжим илүүтэй таашаадаг бол ирэх долоо хоногт болох дэлхийд данстай төгөлдөр хуурч С.Саяанцэцэгийн уран бүтээлийн үдэш, мөн Испани болон Оросын алдартан найзуудын хамтаар зохион байгуулж буй фламинко товшуур бүжиг, гитартай “Spanish night”-ыг зориорой.

Yiruma (Юрима)— River Flows In You (Чиний дотор урсах гол)

“The twilight saga” киног мэдэхгүй хүн байхгүйтай адил Өмнөд Солонгосын энэ ая зохиочийг танихгүй хүн бараг үгүй. Энэ кинонд та дургүй байлаа ч “Чиний дотор урсах гол” гэх энэ аялгууны уянгалаг сайхныг хүлээн зөвшөөрөх биз ээ.

Johannes Brahms(Йохан Брамс)- Lullaby and Goodnight (Бүүвэйн дуу)

Брамсын  бүүвэйн дуунд бид унтахгүй л дээ, харин нээх сайхан зүйлийн талаар мөрөөдөөд хэвтвэл чухам таарна.
 

Frederic Francois Chopin (Фредерик Шопен)- Fantasie Impromptu, 66 (Уран сэтгэмж)

Товчлууран дээр гүйлдэж сонсогдох хуруу тоглогчийн техникийн ур чадварыг тоглоомгүй сориж байх шиг байгаа ч, энэ бүтээл хурд, чадвар шаардсан бүтээл гэхээс илүүтэй зүйрлэхийн аргагүй уянгалаг ая, үе үе солигдох араншин нь үнэхээр сэтгэл хөдөлгөм.

Franz Schubert  (Франц Шуберт)- Serenade (Серенада)

Хөгжмийн цэгцтэй мэдлэг олж аваагүй ч тэрээр ийм гоёмсог хөгжмийг зохиосон байх юм.

Георгий Свиридов — Метель (Шуурга)

Баяр цэнгэл, тэмүүлэл дүүрэн энэ вальс манай монголын шинэ жилийн арга хэмжээнд эгшиглэхгүй байна гэж үгүй. Зөвлөлт Оросын үеийн томоохон хөгжмийн зохиолчдын нэг тэрээр цасан ширхэгийг бүжгийг вальсаар төлөөлүүлсэн юм.

Петр Чайковский — Найрал хөгжимтэй төгөлдөр хуурын 1-р концерт

Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концерт бол поп хөгжимтэй харьцуулбал Битлз хамтлагийн “Yesterday” л гэсэн үг юм. Энэ бүтээлийн эхлэл хэсгийн аккордуудыг сонсоогүй, мэдэхгүй хүн байхгүй байх. Нэгэн алдартай төгөлдөр хуурч “Хүн төрөлхтөний суут 10 бүтээлийн нэгд зүй ёсоор багтах энэ бүтээл ньхүний сэтгэлийн чавхдасаар нэхэгдэж, амьдралын гүн ухааныг хөгжимдөн дуулсан” гэж өгүүлсэн байдаг.

Antonino Lucio Vivaldi (Антонио Вивальди) — Өвөл (Дөрвөн улирал)

Хийл хөгжимд зориулан бичсэн “Дөрвөн улирал” гэх цуврал бүтээлийн нэг болох “Өвөл” нь Альпын нурууны өвлийн хүйтэн цаг агаар, жавартай салхийг төгс илэрхийлж чадсан. Мөн “Өвөл”-өөр төлөөлүүлэн хүмүүний амьдралын бөхлийг гаргасан.

Ludovico Einaudi (Людовико Эйнауди)— Divenire

21-р зуунд сонгодог хөгжим шантралгүй бичиж залуу үеийг энэ хөгжимд дурлуулж буй хүмүүсийн нэг бол итали гаралтай Людовико Эйнауди юм. Төгөлдөр хуурт зориулж ихэнх бүтээлээ туурвихдаа уламжлалт болон орчин үеийн өнгө аясыг аль алиныг хослуулж чадсан нь өөгүй мэт.

Бэлтгэсэн: Ү.Дуламсүрэн

Эх сурвалж: adme.ru

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.