
Парисын өргөн гудамжуудын замыг газар доор, НьюЙоркыг гүүрүүд, экспресс замууудаар сүлжүүлж асуудлуудыг шийдэж түүхэнд нэрээ үлдээсэн хотын даргуудтай эн зэргэцэх хүнд энэ жил өнгөрсөн насан илээсэн Бразилийн Curitiba хотын дарга асан, Польш гаралтай еврэй Jaime Lerner ордог юм байна. Түүнд зориулж бичигдсэн эмгэнэлийг WSJ-аас уншсаны дараа Улаанбаатарт маань ийм нэгэн ухаантай, сэтгэлтэй дарга гараад ирээсэй гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн билээ.
1971 онд хотын дарга болоход 700 мянга гаруй хүнтэй Curitiba хотын түгжрэл, агаарын бохирдол хотын төвийн хөгжил нь уруудсан гээд л томоохон хотуудад тулгардаг асуудлуудтай угтаж. Газар доорх метро барих гэхээр хэдэн 10 жил үргэлжилсэн зардал ихтэй байгуулалт болохоор байж. Архитектор, иргэний инженер мэргэжилтэй тэрээр метро заавал газар доогуур байх албатай биш гэж шийджээ. Ингээд пластик бүрхүүл- хоолой бүхий буудал уруугаа орохдоо урьдчилж мөнгө төлж ороод (метро шиг) автобус уруугаа хурдан суух боломжтой автобусны сүлжээг бий болгосон нь метро барихаас 500 дахин бага зардалтай тусжээ. Одоо 2 сая орчим хүнтэй энэ хот цэвэр агаартай хотуудын нэгд тооцогддог. Дээр нь бензиний хэрэглээ багатай хот болжээ. Үйлдвэрийн хот гэхэд мундаг байгаа биз. Иймээс ч олон улсын компаниуд энэ үйлдвэрийн салбараа нээх дуртай байдаг аж.
Автобусны системийг нь харлаа. Яг л метро шиг зохион байгуулалттай юм байна. Хотын төвдөө дандаа експресс автобусууд, тэндээс нь хотын зах уруу сүлжээ автобусууд явдаг, дээр нь автобусны компаниуд нь суусан хүний тоогоор биш, явсан замаар нь төлөгддөг учраас бүх чиглэлд жигд явдаг аж.
Харин хотын төвөө өөд татахын тулд тэнд явган явах боломжтой дэлгүүрүүд барих, хүүхдүүдийг хагас сайны өглөө ирж зураг зурахыг уриалах зэргээр сэргээгээд авчээ. Ядуусын хороолол уруу хогийн машин явахад зардал ихтэй байсныг шийдэхийн тулд ядуусыг хогоо тодорхой цэгүүдэд авчирч, оронд нь ногоо үнэгүй авах боломжийг олгосон нь хамаагүй зардал багатай туссан аж. Тэрээр recycling ихээхэн дэмждэг, дугуйн замууд тавьж, хотын муухан районд өвөрмөц сонин барилга байгууламж барих зэргээр очих хүмүүсийн тоог нэмэгдүүлж сайн дүүрэг боогон хувиргах зэргээр ажиллажээ. 1970-аад онд гээд боддоо.
Тэрээр "Хамгийн сайхан зүйлийг төсөөл. Гэхдээ өнөөдөр хийж болох боломжтой зүйлсийг хий. 20-30 жил өмнө төлөвлөнө гэвэл бараг утгагүй зүйл. Учир нь тэр үед дахин өөр төрлийн асуудал үүссэн байх болно." гэж бичиж байжээ.
Түүний хийсэн зүйлсээс өөр нэг зүйл сонирхолтой санагдсан нь анх хотын даргаар сонгогдсоны дараа явган хүн очих боломжтой mall дэлгүүрүүдийн төслийг хотын төвийн дэлгүүрүүд эсэргүүцэж зогсоосон байсныг иргэдийн санал асуулгын дүнг хүлээлгүйгээр шууд ажлыг эхлэхийг үүрэг болгожээ. Нийтийн засвар үйлчилгээний компани ньхотын төвийн 6 блокийг явган хүнд ээлтэй болгож засахад дор хаяж 4 сар болно гэхэд нь тэрээр үгүй, 48 цагийн дотор дуусга гэж үүрэгджээ. Тэд 72 цагийн дотор амжуулсан аж. Үүний дараа хотын төв үрүү ирэх худалдан авагчдын тоо нэмэгдсэн тул дэлгүүрүүдээс явган хүний зориулалттай хэсгүүдийг харин ч улам нэмэгдүүлэхийг хүсэх болжээ.
Хөгжилтэй, хөгжилгүй олон улсад ядуусын сууцын асуудлыг шийдэх гэж уулыг нураах, хавтгайлах, түүхийн дурсгалт сууцыг нураах зэргээр төрөл бүрийн нь төслүүд хэрэгжүүлдэг. Харин тэрээр байгалийн болон районы натурал байдлыг хадгалахыг хичээхийн хамт бага орлоготой иргэдийг өөрсдөө орон сууцаа барихыг нь дэмжиж техникийн зөвлөгөө өгөх, газрыг хямдралтай олгох зэрэг арга хэмжээ авчээ. Мэдээж хотын бүх асуудлуудыг шийдэж чадаагүй нь ойлгомжтой. Гэхдээ л хийсэн зүйл нь энэ хүнийг дэлхий даяар үнэлүүлэхэд хүргэжээ.
Үүний далимд манай үндэсний хөрөнгөтнүүд хотынхоо төлөө юм хийж эхлэх цаг болсон санагдана. Америкийн баячууд янз бүрээр улс, дэлхийн хэмжээнд сайн сайхан өөрчлөлт хийхэд хандив туслалцаа, ажил үйлээр дэм болдог. Жишээ нь урлагийн могул Barry Diller, загварын бизнесмэн Diane Von Furstenberg нар Манхантаны баруун хэсэгт орхигдсон вагоны зам дагуу хэсгийг 2009 онд ногоон парк болгож хувиргах төсөлд хамгийн их хандив өргөж дэмжжээ. Хот, гол нь үзэсгэлэнтэй харагдах уг парк нь гүйх, алхах замтай, ампи театр, зүлэг, ногоон байгууламжтай хотын чимгүүдийн нэг болжээ. Эдгээр хүмүүсийн хандив тусламж бол зөвхөн нэг жишээ. Цаана нь томоохон хотуудад газраа бэлэглэж цэцэгт хүрээлэн байгуулах, хөрөнгө мөнгөөрөө урлагын театр, музей, номын сан байгуулах, бариулах зэргээр жуулчид, хотын иргэд, хүүхдэд баяр баясал авчрах хэсгүүд бий болгож ЗГ-аа хүлээлгүй хотынхоо асуудлыг шийдэх, өнгө төрхийг сайжруулахад ихээхэн нэмэр болсоор байдаг. Уг нь энэ эдгээр чинь нь жинхэнэ буянтай үйлс билээ.
Дагвын Баяраа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.19.9.35) 2022-01-04 18:11Ymar saihan setgel ve
Хариулах