Ч.Сайханбилэг: Богино хугацаанд яаж хямралаас гарах вэ гэдэг л хамгийн чухал байна

Twitter Print
2014 оны 11-р сар 15-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Та Ерөнхий сайд болбол цаашид авч хэрэгжүүлэх ажлаа эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг гэж тодорхойлсон байсан. Яг юунаас ажлаа эхлэх вэ? 

-Өнөөдөр АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Энэ шийдвэрийг УИХ-аас баталгаажуулах ёстой. Түүний дараа шинэ Засгийн газар ямар байх, үйл ажиллагаагаа явуулах гол чиглэл нь юу байх вэ гэдгээ ард түмэндээ зарлах ёстой. Тэр үед л асуудлаа багцалж хүргэнэ. Намын ҮЗХ дээр хийх ажлуудынхаа хүрээ, зорилго, чиглэлээ хэлсэн. Эдийн засаг тал руу анхаарна. Эдийн засаг хямралтай байна. Богино хугацаанд яаж хямралаас гарах вэ, хэрхэн хурдан шийдвэрлэх вэ гэдэгт шинэ Засгийн газар хамгийн түрүүнд анхаарах болно. 

-Та Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, гал тогооны ажлыг нь үүрч байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх үү? 

-Мэдээж 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-аас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөөр энэ дөрвөн жилд явна. Энэ Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлтэй үед хэрхэн оновчтой арга хэмжээ авч явах вэ гэдгээр Засгийн газрын үйл ажиллагаа тодорхойлогдоно.

-УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болж, таныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх хардлага байна? 

-Тохироо байсан бол би 90-100 хувиар гарна. Гэтэл тэгээгүй. ҮЗХ-ны гишүүд итгэл үнэмшлээрээ, зүрх сэтгэлээрээ саналаа өгсөн гэж ойлгож байгаа. 

-Шинэчлэлийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө татан унагасан. Таны тэргүүлэх Засгийн газрыг АН-ын бүлэг санал нэгтэйгээр дэмжиж ажиллах боломжтой юу? 

-Энэ үл ойлголцолд санаа зориг, ажил хэргээрээ, Засгийн газрын үйл ажиллагаагаар хариулт өгнө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.