Ц.Элбэгдорж: Энэ бол хямралыг удирдах Засгийн газар, авралын Засгийн газар

Twitter Print
2014 оны 11-р сар 15-нд 00:54 цагт
Мэдээний зураг,

Энэ Засгийн газар улс төр бодох ямар ч шаардлагагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баасан гарагийн үдэш UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот хөтөлбөр шилдэг оролцогч залуусын асуултад хариуллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуултуудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгсөн хариултыг хүргэж байна.

-Яг одоо Засгийн газар огцорчихоод байна. Үүнээс үүдсэн нөхцөл байдал, дараагийн Засгийн газрын талаар таны байр суурийг сонсъё?

-Би байнга хэлдэг. Засгийн газар огцрох, Ерөнхий сайд огцроход дургүй. Ер нь тэгэх шаардлагагүй. Ерөнхий сайд их сайн хүн байгаа учраас огцруулах хэрэгүй гэж байгаа юм биш. Огцорсных нь дараа хор нь дийлддэгүй учраас тэр. Тэр хороос хамгаалах дархлаа Монголын улс төрд тогтоогүй байна. Манайхан ажил авахдаа их гоё юм ярьж авдаг. Хамгийн гол нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Ажил аваад хэлж байсан талархлын үгээ мартаж болохгүй. Хааяа түүнийгээ санаж байх хэрэгтэй. Дээрээс нь ажлаа зөв өгч сурах хэрэгтэй. Үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай.

Засгийн газрын хувьд гэвэл өнөөдөр миний харж байгаагаар үнэхээр хүнд нөхцөлд ажиллах Засгийн газар байгуулагдана. Маш хэцүү байна. Эдийн засаг, улс орны амьдрал байж байгаа байдал хэцүү байна. Энэ бол хямралыг удирдах Засгийн газар. Монголчууд хэлсэн. Авралын Засгийн газар гэж. Энэ Засгийн газар улс төр бодох ямар ч шаардлагагүй Засгийн газар. Би одоо гарч ирэх Ерөнхий сайдад хоёр шаардлага тавина. Та 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй. Намын дарга болох шаардлагагүй, улс төр бодох шаардлагагүй. Үлдсэн 1.6 жил улс орноо л бод. Өнөөдөр гарч ирэх Засгийн газар золиосны Засгийн газар болно. Жишээ нь, Засгийн газар Оюутолгойн асуудлыг шийдээд явахад 5 жил хараалгана. Харин 10 жилийн дараа зөв болж болно.

Өнөөдөр жил зургаан сар ажиллаад тав, арван жилийн дараа дахиад Ерөнхий сайдаар ажиллах тухайгаа боддог, Ерөнхийлөгч болох тухай ярьдаг байж болохгүй. 2016 онд УИХ-ын сонгуулиар нэрсийн жагсаалтад оруулж өгөөрэй гэдэг буруу. УИХ, Засгийн газар дандаа дараагийн сонгуулиа бодож ажил хийгээд байна. МАН-ынхан Засгийн газар огцроход ийм ийм үр дагавар гарна гэдгийг мэдээгүй хийсэн гэж бодож байна уу. Тэд ийм ийм нөхцөл үүснэ гэдгийг тооцоолсон. Уг нь Засгийн газрыг унагах нь Монголд ашиггүй бол МАН-д ашиггүй л байхгүй юу. Тэгэхээр энэ бол Монголд ашиггүй шийдэл. Ийм шийдлээр явж болохгүй. Гэхдээ нэгэнт шийдсэн учир дараачийн Засгийн газрыг яаж байгуулахаа ярихаас өөр аргагүй. Монголын төлөө өөрийгөө золих Ерөнхий сайд хэрэгтэй.

Одоо гарч ирэх Ерөнхий сайд нуух оролддог биш зүрхтэй нь ноцолддог  Ерөнхий сайд байх ёстой. Тийм хэцүү ажил  хийх гэж байгаа хүн гэдэг юун дээр очих гэж байгаагаа мэдсэн байх ёстой. Түүнийг ажиллах боломжийг намын бүлгүүд бий болгох чухал.

-Шинэ Засгийн газарт та ямар шаардлага тавих вэ?

-Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ёсгүй. Миний тавих шаардлага бол Засгийн газар цэвэр мэргэжлийн асуудлыг шийдэж чаддаг байх ёстой.

Үндсэн хуульд зааснаар УИХ-д олонхи болсон нам байхгүй бол олон суудал авсан нам Ерөнхий сайдыг бусад намтай зөвшилцөн Ерөнхийлөгчөөр батламжлуулдаг. Засгийн газрын гишүүний хувьд Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулан батлуулдаг. Засгийн газрын гишүүнийг томлоход намын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, Удирдах зөвлөл гэх мэтээр ярих ямар ч шаардлага байхгүй. Одоо парламентын гаднаас мэргэжлийн Засгийн газар байгуулж, сайд болох нөхөд би 2016 онд УИХ-ын гишүүн болохгүй гэж амлах ёстой.

Итали сая их сургуулийн профессорыг гаргаж ирээд Ерөнхий сайд болгон мэргэжлийн Засгийн газар байгуулаад явсан. Монголд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар нэг тиймэрхүү байсан. Улс төр боддог, дараагийн карьераа боддог Засгийн газар хэрэггүй. Кноп тоолж, хэвлэл хахуульдаж, суудалдаа яаж үлдэх вэ гэж боддог Засгийн газар хэрэггүй.

Дээрээс нь нэг асуудал байна. АН, МАН, “Шударга ёс” эвсэл аль алинд нь хэлэхэд дахин Монгол Улсын Ерөнхий сайдыг 2016 он болтол огцруулах асуудлыг санаачлахгүй гэж гарын үсэг зурах хэрэгтэй. Энэ 76 гишүүн гарын үсэг зурах хэрэгтэй. Дахиад 2-3 сарын дараа Засгийн газрыг огцруулна гэх юм бол тийм цаг хугацаа, боломж алга. Өнөөдөр улс орон элгээрээ мөлхлөө. Хүнд байдалтай байна. Энэ Засгийн газар гарч ирээд бохиртой зууралдана. Тиймээс мэргэжлийн, улс төр боддоггүй, дараагийн карьер боддоггүй байх ёстой.

Сайд нар нь ам өгөөд 2016 онд нэр дэвшихгүй, ийм ийм юм шийдэж өгье. Оюутолгойн асуудлыг шийдье, давхар төмөр зам байгуулья, гэрээг нь байгуулъя, энийг л хийе гээд яг хариуцсан салбартаа юу хийхээ амлаад ажилдаа орох хэрэгтэй.

Түүнээс биш нэг их тийм гоё бялуу хуваана гэх мэт байхгүй ээ. Үндсэн чиглэлийн сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болно гэж байж болохгүй. Тийм хэрүүлийн алим хэрэггүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох ажлаа, Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдын хийх асуудлыг дэмжээд тус тусдаа яв. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд шантааж хийж байгаа юм шиг явдаг. Засгийн газрын гишүүний асуудлыг уг нь Ерөнхий сайдад л тавьдаг. Засгийн газрыг яаж байгуулах ёстой, юу хийх ёстой вэ гэдэг талаар миний байр суурь энэ.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллах хугацаандаа намаа гурван шатны сонгуульд ялуулсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-АН-ын төлөө, ардчиллын төлөө саналаа өгсөн ард түмэндээ баярлах хэрэгтэй. Нөгөө талаас харах юм бол наадахыг чинь МАН юу гэж тайлбарладаг вэ гэхээр “Манай нам МАХН, МАН болж хуваагдаан, үүнээс болж АН гарлаа гэдэг. Энэ бол нөлөөлөл үзүүлсэн, нуух хэрэггүй. Тэртэй тэргүй МАН-ынхны ярьж явдаг зүйл. Тэгэхээр АН-д санал өгсөн ард түмэндээ л баярлах хэрэгтэй.

-Та АПЕК-ын уулзалтаас ирсэн оройгоо УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нартай уулзсан гэсэн. Тэдэнтэй юун талаар ярилцсан бэ?

-АПЕК-ын уулзалтаас ирсний дараа Н.Алтанхуяг, З.Энхболд нар уулзъя, энэ намд ийм ийм дүрмийн бус үйл явдал боллоо, ийм ийм дүрмийн дагуу үйл явдал боллоо гэж санал тавьсан. Би нэг л юм хэлсэн. Нам дотор болж байгаа хэрүүл зодоон надад сонирхол алга. Та нар төсвөө батал, Ерөнхий сайдаа нэг тийш болгоод гаргаад ир. АН үүрэг хүлээсэн. Үндсэн хуулийн  өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэ. Ард түмний өмнө, төрийн өмнө хүлээсэн үүрэгт ажлаа хий гэж хэлээд гаргасан. Ер нь затуургатай байсан дээр. Та хэдийн энэ яваад байгаа, хэрэлдээд байгаа асуудал дээр дэмжиж болохгүй гэж хэлсэн. Иргэн хүний хувьд дургүй хүргэхээр зүйл олон л байна шүү дээ.

-Таныг Ерөнхий сайд байхад Н.Алтанхуяг дарга Сангийн сайд байсан. Н.Алтанхуяг даргыг хүн талаас нь тодорхойлбол?

-Ер нь хичээж аль болох ажиллах гэж зүтгэсэн. Хийж болох, хийж чадах зүйлүүдээ л хийсэн, тэрийгээ хэлсэн, тайлбарласан. Улс төрийн асуудал байна гэж хэлдэг. Энэ дээр ийм алхам хий, ингэсэн нь дээр байна гэж хэлдэг байсан. Улс төрчдийн хувьд нүд нь харанхуйд дассан, өөрсдөө вакуумд ороод харж чадахгүй болсон байна. Гэтэл ард түмэн тэднийг шилэн дотор байгаа юм шиг хараад энэ тэгэх нь, ингэх нь гэдэг. Ард түмэн бидэнтэй 25 жил улс төрийн тогоонд яваад мэддэг болчихсон. Одоо  бид тэрнээсээ гарах ёстой. Харанхуйд явж байгаад гэрэлд гарахаар гялбаад сүйд болдог. Яг тийм болж байна. Одоо гэрэлд гарах ёстой.

Зүгээр л хийх ёстой юмаа хий. Зүгээр л ард түмнээ бод. Нам, ард түмэн гэдэг тавь тавин хувьтай бод. УИХ-ын гишүүн кноп дарахдаа иргэний хувиар дар, намын асуудлаа намын бүлэг дээрээ очиж ярь гэдэг зөв. Ингэж чадаагүйгээс намууд фракцуудын бүлэглэл болсон тул Монголыг муухай харагдуулаад байна. Ийм алдааг бүү гарга, миний гаргасан алдааг чи давтах шаардлагагүй.

-Н.Алтанхуяг дарга МАХН-ын даргатай гэрээ байгуулсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлсэн үү?

-Наад гэрээ чинь биш ээ. Намаа хоёр хагалж, намын дотор хэрүүл үүсгэж хэрэггүй. Чамд дургүй байгаа гишүүд энэ гэрээгээр дөрөөлөөд чам руу дайрна. Тэд энэ гэрээгээр чинь кино хийнэ. Тэгээд тэрийг хэзээ хойно гаргаж ирнэ. Чи гэрээгээ урж хаяад намынхнаасаа уучлал гуй гэж түүнд хэлсэн.

Би зөв юм хийсэн гэж бодтол буруу гээд байна. За, 35 гишүүн минь намайг дэмжээч. МАН-ын шаардлагаар намайг битгий огцруулаач. Би Оюутолгойн асуудлыг, өмч хувьчлал, өрийн удирлагын хууль гэх мэт ийм таван ажил хийнэ. Монголын төлөө, ардчиллын төлөө энэ тавыг хийж өгөөд явъя. Энэ ажлуудыг хийж чадахгүй бол арванхоёрдугаар сард өргөдлөө өгнө гэж хэл. Тэгэхэд цаадуул чинь дэмжинэ гэж хэлсэн. Иймэрхүү хэлбэрээр ажиллаж чадах байсан. Харамсалтай нь үүгээр явсангүй л дээ.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдахь Ерөнхийлөгч гэдгээрээ улс төр хийгээд яваад байна. Ухаарлаа, сэнхэрлээ гээд л яриад явах юм. Та улс төр дэх энэ хүний оролцоог юу гэж боддог вэ?

-Монгол Улс өөрөө төрт ёсны агуу түүхтэй улс. Б.Обама гарч ирээд Ж.Буш буруу ажил хийж байсан, улсыг балаллаа, ийм ийм шийдвэрүүдийг буцааж байна гээд засахыг нь засаад явсан. Ж.Буш тэгэхэд нэг ч эсрэг юм хэлээгүй.

Би нэг хүнээс асууж байсан. Яагаад ингэдэг юм гэхээр тэр институц нь агуу, сууж байсан суудал дээр нь хэн байх хамаагүй гэж хэлсэн. Ер нь ууж байсан худаг руугаа нулимах ёсгүй. Төрийн тэргүүн байсан хүн эргэж тийм юм руу ордоггүй. Хөлбөмбөгөөр жишээлэхэд Месси бөмбөг цохих гэж байхад Марадона “Би цохиотохъё гэвэл биш болж хувирна шүү дээ.

Төрийн агуу уламжлал байдаг. Бид түүнийг хадгалах ёстой. Би түүнийг хадгалахын төлөө явдаг. Өнөөдрийн улс төр хийх гэж байгаа улсад хатуу үг хэлдэг, улсаа бодож хэлдэг. Ажлаа өгөөд ийм үг хэлэх шаардлагагүй болсон үедээ хэлэх хэрэггүй шүү дээ. Тэр үед намайг Монголын Цахиагийн Элбэгдорж гэхэд болно. Миний өвөө минь Монгол. Аав минь Цахиа.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцроход та юу гэж хэлсэн бэ?   

-Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр огцорлоо гэхэд нь би ороод ирээч гэсэн. Тэгээд Н.Алтанхуягт “Чи гараад ард түмэндээ хандаад таван минут ийм утгатай үг хэлбэл яасан юм. Би ийм ажил хийх гээд явсан. Ямар байсныг та бүхэн харсан. Ард түмэндээ баярлалаа. Дараагийн Ерөнхий сайдыг дэмжиж өгөөрэй. Өнөөдөр кноп дараад улс орны асуудлыг шийдэхгүй юм байна. Том асуудлыг шийдэх гэхээр ингэж болдоггүй юм байна. Миний ард түмэн манай намаас гарах дараагийн Ерөнхий сайдыг дэмжээрэй. Би хэн ч гарч ирсэн дэмжинэ гэж хэлээрэй гэж би хэлсэн.

-2015 онд таны төсөв хасагдсан уу?

-Төсөв хасагдсан. 2014 онд миний төсөв 10 хувиар хасагдсан. 2015 онд дахиад 10 хувиар хасагдана. Ер нь нөхцөл байдал хүнд байна. Компаниуд ажилчдаа халаад цомхотголд орж байна. Төрийн захиргааны зарим шаардлагагүй байгаа, байгаа үгүй нь мэдэгддэггүй, байх нь бараг уршигтай тийм газарт мөнгийг нь өгөлгүй тараах хэрэгтэй.

-Ж.Батзандан гишүүн орон нутгийн намын дарга нарыг рамандаа яажигнаарай гэж хэлсэн. Энэ талаар?

-Тэр буруу үг. Ер нь хүн юу бодож байгаагаа, бодолдоо анхааралтай хандах хэрэгтэй. Бодол гэдэг аюултай. Хүнд ямар ч бодол орж ирж болно. Бодолдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Буруу бодол буруу үйлдэл болно. Буруу бодлоос буруу үг гарна. Бодол бол вирус. Үг байтугай гишгэсэн мөрөө эргэн харах хэрэгтэй.

-АН-ын удирдлагууд танаас зөвлөгөө авдаг гэлээ. Та өнөөдөр хуралдаж байгаа ҮЗХ-ны шийдвэр ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Тэр энэ гарч ирэх нь зүгээр гэж ярихгүй. Энэ бол АН-ын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Хүнээ гаргаж ирээд зөвшилцөх ёстой. Өнөөдөр ҮЗХ-ноос  тодруулах хүн бол Ерөнхий сайд болчихож байгаа юм биш. Энэ гаргаж ирсэн хүнээ зөвшилцөх юм. Тиймээс ҮЗХ шийдвэрээ гаргаад хүнээ дэвшүүлээд зөвшилцөл эхэлчих байх гж найдаж байгаа. Өнөөгийн гарах хүн улс төргүй, улс орноо боддог байх, 1.6 жилд ийм ийм юм хийнэ, шийднэ гээд хэлээд гардаг тийм Ерөнхий сайд байх ёстой. Байж байгаа тулгамдсан асуудлаа ойлгосон байх ёстой. Манайхан ажлаа авахдаа дуртай ч, очоод хийж чаддаггүй. Намынхаа ялалтыг төлөвлөөд байдаг  хэрнээ улс орны  төлөө тэгж ажиллахгүй байна. Яавал хагаралдуулж, унагаж болохыг ярьдаг ч тодорхой шийдэл бариад улс орны асуудлыг ярихгүй байна.

-УИХ-ыг тарах ёстой гэж зарим хүн үздэг зөв үү?

-Бүгд тарах ёстэй, энэ тарах ч ёстой гэж ярих ямар ч хэрэггүй. УИХ-ын гишүүд дотор сайд болох горьдлогыг л бүрэн таслах ёстой. Та нарын хэн ч сайд болохгүй. Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно. Одоо та нар минь хууль тогтоох ажлаа хий гэмээр байна. УИХ-ын батлах ёстой хуулиудын нэрийг дурдахад л 20 минут болно.

-Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд таны хамгийн хэцүү, бас сайхан үе хэзээ байв?

-Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ гэдэг их өндөр хариуцлага. Шийдэх ёстой асуудлууд тухайлбал, хоёр хөрштэй ийм асуудлаар яриад ир, тийм юм яриад гурван талт уулзалт хийх талаар ингэж шийдээд ир гэж сонгосон гэж боддог. Миний цалин ард түмний, татвар төлөгчдийн мөнгө. Намайг яах гэж суудлын машинаар хангав. Яах гэж Их тэнгэрт байлгав. Их тэнгэрт байгаагүй бол би ажлаа тараад гэртээ ирлээ гэж болох байсан. Гэтэл надад гэртээ ч ирлээ гэх эрх байхгүй. Тэр Их тэнгэр бол миний ажлын байр. Шөнийн 03 цагт ийм юм болохоо байлаа гээд надад хэлж болно. Ард түмний өмнөөс болохгүй байгааг нь хэлж, албан  тушаалтнуудыг шахаж шаардаж, хамгийн хүндийг үүрүүлэх гэж энэ ажлыг өгсөн байх. Тиймээс энэ албыг хашиж байгаа хугацаандаа улс төр бодолгүй улсаа бодох ёстой. Ерөнхийлөгчийн ажлын сайхан нь хүмүүсийг дуудахад, тэр хүрээд ирээч, Ерөнхийлөгч дуудаж байна гэхэд хурдан хүрээд ирдэг юм. Өөр сайхан юм байхгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.