
/Монгол хөвгүүдэд англи хэл заасан анхны багшийн тухай цөөвөр үг/
1911 оны 12-р сарын 29 буюу манай монголчуудын тооллоор Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн. Нэгэн зуун есөн жилийн тэртээх тэр өдөр монгол хүн бүрийн магнай тэнийн баясч, далай их баяр хөөрт далавчтай мэт хөгжин жингүйдэж байсан өдөр. Олноо өргөгдсөн Монгол улсаа тунхаглаж, оройн дээд Богд Жавзандамба хутагтаа шашин төрийг хослон баригчаар залж, эх орондоо эзэн байхын ид хавыг эдэлж байсан цаг.
Улс орондоо нэгэнт эзэн нь болоод авсан монгол түмэн, бидний мэргэн дээдэст амжуулж бүтээх ажил үйлс аргагүй л ар араасаа ундарчээ. Хүний гар харалгүй өөрсдөө санаж сэдэж хийх тэр их ажлын нэг нь л гэхэд, хүрээ хийд болгонд шахам байсан шашны сургалтаас ангид, төрийн сургууль бий болгох тухай яриа хөөрөө нь биежиж, 1912 оны гуравдугаар сарын 24-нд тэрхүү сургууль хаалга үүдээ нээжээ. Төрийн сургуульд төвд хэл биш, харин монгол, орос, манж, хятад хэл заахаар болсон гэдэг.
Хэл заана гэдэг цаана нь хэлтэй багш байна л гэсэн үг. Гурван зууны турш шахам эрхшээлд нь байсан болохоор манж, хятад хэл заахын тухайд тийм хүн мундсангүй. Орос хэл дээр очоод харин жаахан гацжээ. Үнэндээ тэгэхэд орос, монгол хэл бичгийг тэгш сайн мэддэг, хичээл орчихоор монгол хүн амархан олдсонгүй. Тэр ч тэгтэл төлөөгүй нэг талдаа болж, Оросын буриад багш нарыг залахаар тохирчээ. Тэд монгол хэл бичигтэй, орос хэлэндээ мөн л гаргууд. Тийм хүмүүсийн нэгэн болох Жамсрангийн Цэвээн гэх их эрдэмт хүмүүн манай Монголын соёл, утга уран зохиол, хэвлэл мэдээллийн чиглэлд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Өөрийн нэр нөлөө, Эрхүүгийн багш нарын семинарыг төгсгөсөн чадалтай буриад багш нар хэн хэн байдгийг андахгүй мэдэх тул тэрбээр саадгүй тэднийг урин ажиллуулжээ.
Соён гэгээрүүлэгч, шантаршгүй зүтгэлт Жамсрангийн Цэвээн гуай англи хэлний багшийн эрэлд гарч, түүнээ ч олжээ. Тэр тухай баримт болсон бичиг түүхийн архивт байгаагийн гол санаа нь, багшийн эрдмийг сурч төгссөн Ин улсын (Англи улсын) Уйтиг хэмээх хүн урд Хятад газар хэдэн жил сургуулийн хөвгүүдэд бичиг заажээ. Тэр хүн Монгол газар одоход дуртай хэмээн буй аж гээд, түүний тул юу юу хэрэгтэй болохыг нэгд нэгэнгүй бичжээ. Сар бүр зуун тавин цаас өгөх, гэр, түлш, ус, лаа зэргийг бэлдэх, унаа морь нэгийг олгох, Эрхүүгээс Хиагт, Хиагтаас Өргөөд ирэх зардлыг гаргах тухайд бичиг үйлдсэн нь түүхийн гэрч болон хоцорчээ.
Чухам тэр Ин улсын иргэн Уйтиг гэж ямар хүн байсан нь манай түүх сурвалж бичигт тун балархай үлдэж хоцорсон бололтой юм. Харин манай Монголын тухай ёстой л бугуйгаа булгартал бичиж туурвиж ирсэн Орос, Зөвлөлтийн түүхч, эрдэмтэн Е.М.Даревская л энд тэндхийн элдэв архив ухаж, уйгагүй сурвалжилж байж тэр хүний тухай товчхон ч болов гаргаж иржээ. Тэр тухайгаа "Өргөөгийн сургуульд багшилсан Лондоны уугуул эр" хэмээх гарчигтай судалгааны өгүүлэл бичиж, 1995 онд Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын институтийн “MONGOLICA-III” сэтгүүлд хэвлүүлжээ. Түүнээс үзвэл, зуун есөн жилийн өмнө Өргөөд анх байгуулагдсан, тухайн үедээ орчин үеийн сургалттай монгол сургуульд англи хэл зааж байсан Уйтиг, Уйдин гэх зэргээр нэршиж, бичиг түүхэнд нэр төдий хоцорсон тэр хүн бол Фредерик Жорж Уйттик (Frederick George Whittick) гэгч жинхэнэ Лондоны уугуул нэгэн боловсролт эр байжээ.
Англи хэл, уран зохиолын багшийн чиглэлээр хэд хэдэн сургуульд суралцсан, Лийдс, Манчестр хотын дунд сургуульд багшилж, багагүй туршлага дадлага хуримтлуулсан тэр хүн хожмоо Хятад руу гарчээ. Тэнд Шаньдуны Их сургуулийн англи хэл, уран зохиолын тэнхимд долоон жил ажиллаж байгаад манай Монголд залагдаж ирсэн, явуулын энгийн нэгэн англи эр биш, аль ч шалгуураар нь аваад үзсэн, англи хэлний ижилгүй сайн багш байсан юмсанж.
Жорж Уйттик гэгч тэр англи багш Дээд Шивээгээс ямархуу зам туулан ирж, манай Өргөөд хэрхэн аж төрж байсныг нь олон үгээр бичих нь илүүц, аяндаа тодорхой санагдана. Өвөл зун, хавар намаргүй засгаас олгосон өөвгөр гэрт тух алдан сууж, тэндээс мөн цохож өгсөн цөөн тооны лааны бүүдгэр гэрэлд бүртийтэл сууж хичээлдээ бэлдэж байсан гэхээр ямар л олиг байх вэ. Бэлээхэн аваад хэрэглэчих ном сурах бичиг ч байхгүй, латин үсэг, англи ганц үгийн дөргүй монгол шавь нартаа хэрхэн яаж хоёр хэлийг дүйцүүлэн ойлгуулах вэ гэж толгойгоо гашилган суусан нь мэдээж. Олон ч англи сурах бичиг, ном захиалан авчруулж, шавь нартаа хэрэглүүлж байсан сурагтай.
Өргөөд 1914 оны өвөл хүрэлцэн ирж, 1917 оны намар Эрхүү рүү манайхаас буцсан гэвэл, Уйттик хоёр жил, хагас англи хэл заахдаа шавь нараа гайхалтай сайн сургаж, шагшигдаж гайхагдсан байсан бололтой. Тэр тухайд үлдэж хоцорсон баримтанд Уйдин сургуулийн хүүхдүүдэд бичиг үсэг заан сургах нь маш хичээнгүй, залхууран хойргоших санаагүй, сайхнаар боловсруулан сургаж байгаа хэмээгээд “Эрдэнийн очир” одонгоор 1915 оны зургадугаар сард хөхиүлэн шагнуулснаас тодорхой.
Жорж Уйттик манай англи хэлний анхны багш байгаад зогссонгүй, “Эрдэнийн очир” одон хүртсэн эхний англи хүн болон түүхэнд хоцорчээ. Гадаад явдлын яамны сайд, чин ван Хандорж, их эрдэмтэн Жамсрангийн Цэвээн, Дотоод яамны дэд сайд, жүн ван Гомбосүрэн, хичээнгүй хэмээх Балингийн Цэрэндорж нарын зэрэг цөөнгүй ихэс дээдсийн үүсгэл санаачилга, хичээл зүтгэлээр бий болсон төрийн сургуулийн 110 жилийн тэгш ойн жил 2021 онд түүхийг тодотгох зүйл олон гарах биз ээ.
Уилл Жеймсийн “Ковбойн хүлэг үүлэн бор” (“Smoky the Cowhorse”), Жонатан Свифтийн “Гулливерийн аялсан түүх” (“Gulliver’s Travels”) зэрэг англи, америкийн нэрт зохиолчдын бүтээлүүдийг орчуулсан бичгийн хүн, төрийн зүтгэлтэн Наваандоржийн Жадамба тэдгээр зохиолыг эх хэлээс нь орчуулсан ч байж магадгүй тухай сонссон хэр нь уг үндсийг нь төдийлөн сайн мэдэхгүй явсан билээ. Тэгтэл Н.Жадамба гуай ч анхны төрийн сургуулийн сурагч, Жорж Уйттик багшаар эхлэн англи хэл заалгаж, олон хэлнийхээ нэгэнд англи хэл нэмсэн түүхтэй хүн юмсанж. Н.Жадамба гуай англи хэл дээрээ дэвсгэрлээд герман хэл сурсан хүн байсан бололтой, “Мянгуужингийн үлгэр түүх” хэмээн орчуулахдаа Мюнхгаузен хэмээх герман зохиомол баатрын нэрийг монгол хүнд дөхөм гэж Мянгуужин болгож буулгасан нь бахдмаар оносон санагддаг.
Жорж Уйттик 1875 онд Лондонд төрсөн хэмээн өөрөө өргөдөлдөө бичснээс үзвэл, 1915 онд Богд хаанаас “Эрдэний очир” одон хүртэж байхдаа дөч л хүрч байжээ. “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат” хэмээн хийж бүтээхийн оргил насандаа яваа хүнийг монгол түмэн цохлон нэрлэдэг. Тийм л ид насандаа тэртээх Англи орноосоо энэ Монголд минь ирж, дэлхийтэй харьцах англи хэлний үрийг тарьж явсан буянтан байх юм. 1917 оны намар Өргөөгөөс буцаж, Эрхүүгийн цэргийн гимназид нэг жил англи хэл заагаад, Эрхүүгийн их сургуульд багшлах болжээ. Тийнхүү Жорж Уйттик гэгч тэр эр манай анхны англи хэлний багшаас гадна, Эрхүүгийн их сургуулийн англи хэлний анхны лектор болсон ховорхон түүхтэй нэгэн ажээ. Гэхдээ тэр хүний цаашдын хувь заяа нь тодорхойгүй хоцорчээ.
До.Чулуунбаатар тэрлэв.
2020. 10. 14
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.