Беларусийн эрх баригчид Польшийн хил рүү 1000 орчим цагаачдыг буцаалаа

Twitter Print
2021 оны 11-р сар 09-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Беларусь Польшийн хил дээр нөхцөл байдал хүндэрчээ. Беларусийн эрх баригчид Польшийн хил рүү 1000 орчим цагаачдыг илгээжээ. Хууль бус цагаачдын дийлэнх нь Ойрх Дорнодын улс орнуудаас гэр бүлийнхнийхээ хамтаар Европын холбоо тэр дундаа ХБНГУ руу нэвтрэх гэсэн иргэд байгаа аж.

Беларусийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Беларусийн зэвсэгт хүчнийхэн хууль бус цагаачдыг Беларусийн хил дээр байрлах Брузги хотоос Польшийн хил дагуу байрлах ой мод руу замчилж байгаа бичлэгийг цацжээ.

Нөгөө талаас Польшийн хилийн хамгаалалтанд зогсож буй цэргүүд хилийн хамгаалалтыг эвдэн Польшийн хилээр нэвтрэх гэсэн хууль бус цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан бичлэг дээрээс Польшийн зэвсэгт хүчний нисдэг тэргүүд тус улсын хилээр нэвтрэх гэсэн хэдэн зуун иргэдийн дээгүүр нисч байгаа дүр зургийг харж болох юм. Польшийн хил дээр гацсан цагаачид майхнууд барьж, түүдэг гал асаан байрлацгааж байгаа ба Польшийн тал Беларусиар дамжин ирж буй цагаачдыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотойгоор ойрын өдрүүдэд хоёр улсын хил дээрх нөхцөл байдал дахин хурцдах эрсдэлтэй байна.

Нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг дээр цагаачид Польшийн хилээр нэвтрэх гэж оролдох үеэр буун дуу гарч байгаа нь сонсогдох ба Беларусийн эрх баригчид буун дуу Польшийн талаас гарсан хэмээн мэдэгджээ.

Польш болон Европын холбооны бусад улс орнууд Беларусийн тал Ерөнхийлөгч Александр Лукашенког шүүмжилсний хариуд Европт санаатайгаар дүрвэгсдийн шинэ хямрал үүсгэхийг оролдож байна хэмээн буруутгаж байгаа билээ.

Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын холбоо Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэрээр, "Беларусь улс хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулахаа зогсоох хэрэгтэй.

Дүрвэгсдийг улс төрийн зорилгоор ашиглах нь байж боломгүй асуудал." хэмээн онцолжээ. Урсула фон дер Ляйен Беларусьтай хиллэдэг Польш, Литва, Латви улсын хил дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх явдалд Европын холбоо бүх талаараа дэмжлэг үзүүлнэ хэмээн амласан байна. Өнгөрсөн сараас хойш Беларусиар дамжин Европын холбоо руу дүрвэх гэсэн иргэдийг Польшийн тал хүлээн авахаа зогсоосон ба үүнээс болж хоёр улсын хил хооронд олон зуун хүн гацсан билээ.

Беларусийн тал дүрвэгсдийг хилээрээ буцааж нэвтрүүлэхээс татгалзсанаар голчлон Ирак, Сири, Афганистан зэрэг Ойрх Дорнодын улс орнуудаас ирсэн дүрвэгсэд хоёр хилийн хооронд байрлах ойд, цаг агаарын хүндхэн нөхцөл байдалд гацжээ.

Польшийн эрх баригчдын мэдээлснээр Польшийн хилээр энэ онд 30 мянга орчим дүрвэгсэд нэвтэрсний 17 мянга гаруй нь өнгөрсөн сард Польшийн хилээр нэвтэрчээ. Тэдгээр дүрвэгсдийн дийлэнх нь ХБНГУ руу нэвтрэх зорилготой ба ХБНГУ энэ он эхэлснээс хойш Беларусь-Польш гэсэн замаар орж ирсэн 6100 гаруй дүрвэгсдийг хүлээн аваад байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.