Соёрхын Пүрэвсүрэн - Цэргийн ижий /Богино өгүүллэг/

Twitter Print
2021 оны 03-р сар 18-нд 18:38 цагт
Мэдээний зураг,

Хөх тарлан уулсыг хага цавчсан мэт бачуухан хавцалаар өгссөн морин жим үерийн ус, салхины нөөлөгт идэгдэн тодорч бүдгэрч явсаар тулах эхэнд нь зүтгэж гарахад урин салхи сэвэлзэн, алсын бараа алган дээр мэт илхэн харагдана.

Жил жилийн хавар намар энэ л хавчиг хавцалаар айлууд өгсөж уруудан нүүх агаад араасаа хэц өгсүүр тул нуруу ачаатай үхэр хэлээ унжуулан саагчиж, ачаандаа ялархсан залуу тайлаг шээрэгнэн давна. Элин галавын үеэс л энэ хавцал хавар намартаа амь орон хонь ямааны хорголоор цоохортож, үнээ тугал мөөрөх, ингэ буйлах дуунд уясдаг байсан буй за хэмээх төрхгүй бодол эрхгүй төрмөөр аж.

Бут хаяглан шогших хоточ ноходыг өдөн, хошгиролдох тарвага, сүүл годойлгон чавхдах зурам, чис чисхийн шовшрох үхэр огодойноос өөр амьдын бараагүй эзэнгүй хавцлаар үдэш оройн цагаар явахаас нутгийн олон жийрхдэг ч хөсөг хөдөлгөн нүүдэл хийхдээ энэ л хавцлаар зам дөтлөнө. Шинэ ногоо хөөн хадны үе, нуранги асга дамжин гүйлдэх хөл нь хөнгөрсөн төлөг борлон, эвэр нь шооройсон зусаг голцуу ямааг хонгинуур цуурай, дүүгүүрийн чулуугаар хумих агаад сээтгэр гэзэгтэй шар охин дүүгүүр эргүүлэхдээ адтай.

-Чаа гэж цуурай хадаасан охины дуутай зэрэгцэн шунхийсэн гонзгой чулуу сум шиг нисэх тул асга дамжсан хонь ямаа газрын намруу гүйлдэн буух аж.

Дайнтай жилийн гангийн наран амь тэмцтэл шарсан зургаан сарын хорьдоор зусландаа нүүж яваа гурван айлын түрүүнд ганц тэмээ хөтөлсөн ахимаг насны намхан бор авгай Холбоо бөөн сүүлтэй алаг морио давчих зуур, "хөөг хөг" гэж хаа нэг дуу тавин сажилна. Айл саахалтын гурван гэр ар араасаа бараа бараандаа нүүцгээж яваа аж. Ачааны тэн өргөх эр хүнгүй шахам хоцорсон хэдэн айлын авгай хүүхнүүд дэм дэмэндээ нүүцгээн, арваад насны хоёр жаал үнээ мал хонь ямаагаа тууж, аажуухан урагшилна.

Тоорой юу модондоо

Тогоруу эргэнэ ээ хө

Тоосны маань үзүүрээс

Хүү маань эргэнэ ээ хө гэж гэлмэртэл аялаад, ялимгүй эмсгий шүдээ сийгтэл исгэрч яваа авгайн хөтөлсөн хөх атны хөл хөнгөрөх шиг болж нулс нулс алхав. Түүний араас ойр саахалт зайтай мөн л хоёр тэмээ хөтөлж яваа гучаад насны шар хүүхэн мөнөөх авгайн исгэрэхийг сонсон нулимсаа арчиж,

-Холбоо эгч маань элгээ эгштэл хүүгээ санаж явна даа. Би ч бас дээрдэх юм алга. Эр нөхрийнхөө барааг харалгүй гурван жил боллоо.

Холбоо эгч бид хоёрын унагасан нулимс, өргөсөн сүүг хураасан бол газар дэвтэж ган тайлагдах биз хэмээн бодоод наранд түлэгдсэн сэвхтэй шар хацрыг нь дагаж урссан нулимсаа шудран арчиж, цангинасан дуугаар хөөг хөг хөөг хөг гэж хөтөлж яваа тэмээндээ чимээ өгөв. Ганц хоёрхон унагатай долоо найман гүү, даага шүдлэн голцуу хэдэн адуугаа туусан жаал хүү ижийдээ ойртон ирэхдээ нүүр өөд нь харж уйлсаныг мэдээд аавдаа уурсан гомдов. Шөнө ээжийгээ мэгшин уйлахыг сонсоод аавдаа гомдох атал өглөө таг мартаад наран сөрөг харж ааваа даллан хурайлна. Ингэж хурайлахыг Холбоо авгай заасан билээ.

-Миний хүү адуугаа орхиод үхрээ гилээрэй. Цаад Сээтэн чинь үхрийн нүд тэс цохичих вий. Хурдхан туугаад адуутайгаа түрүүлээд даваан дээр гарч бай гэж хэлээд хүүгийнхээ араас өхөөрдөн харав. Энд нүүж яваа гурван айлд хоёрхон эр хүн үлдсэн нь нүүдлийн сүүл хаман араас ирж яваа Готов өвгөн энэ хүү хоёр аж. Готов өвгөн л тэмээ хомнож тэн өргөж, хана дугуйлж, буурь засна. Холбоо авгайн ганц хүү Содов цэрэгт мордсоны хойт жил Готовын тэжээвэр охины эцэг нь Дунгарын нөхөртэй хамт цэрэгт татагдаж өдгөө гурван жилийн нүүр үзсэн нь саяхан мэт сэтгэлд тодхон. Сунайсан олон жилд Готов өвгөн Холбоо авгай Дунгар хоёрын нөмөрлөх уул тулах багана болж хараа бараандаа ойр саахалт явсаар энэ жил ногоо хөөн зусландаа гарахаар нүүж яваа нь энэ билээ. Эмээллээд унах бүдүүн морьдоо агтанд өгсөөр эмнэг хангал цөөн адуутай үлдсэн Готов өвгөн амаа мэдэхгүй үрээ байдас цоровдож, ам хагарахаар нь хоёр жаалдаа зайдагнуулна. Хэдэн хонь ямаагаа салхи сөргөн туусаар бэлчээрт хүргээд, эсгий тохомоо дэлгэж, өнгө өнгийн дөчин нэгэн чулуугаар ховлого татаж, тэнгэрийн хаяа ширтэн бодол болж суудаг өвгөн орой үдшийн цагаар хөнгөн шингэн алхаж, Холбоо авгай Дунгар хоёрт зоос гүйлгэн өгч сэтгэлийг нь амраана.

-За манайхны баатар эрчүүд нөгөө муу дайснуудын амь сүнсийг нь түймэрдэж явна аа. Үүнийг хардаа гэж түмэн үрчлээст гарынхаа алган дээр дэлгэсэн хэдэн зоосоо хөгшин залуу хоёр бүсгүйд үзүүлж сэтгэлийг нь засна. Өвгөн уржнан жил сүүн шүд нь дөнгөж унасан гялтганасан нүдтэй жаахан шар охиныг хөгшин хээр гүүн дээрээ дүүрээд ирэхэд Холбоо авгай Дунгар хоёр үг сүггүй ангайж, үнээ тугалаа мартагнатал гайхсан билээ.

Яг л Дунгар шиг нөхрөө дайнд үдэж ганц охинтойгоо гэрээ сахин үлдсэн бүсгүй усан борооноор уруудсан хэдэн хоньтойгоо хөөцөлдөж яваад хатгаа авч, ганц ч эм ууж чадалгүй өвчнөө үгдрээгээд сэхэл авалгүй бурхан болоход өнчирч үлдсэн охиныг нь дүүрээд ирсэн аж. Хөөрхий бурхан болооч бүсгүй Готов өвгөний холын хамаатан гэгддэг ч зарим нэгэн дэл сул ярианд Готовын нуудгай хүүхэн хэмээх нь бий. Үнэн худлыг мэдэхгүй ч өнөөдөр цангинатал дуулж, дүүгүүрийн чулуугаар хэдэн хонь ямаагаа хашрааж яваа Сээтэн шардаа амиа тавин хайрлах өвгөн дүүгүүр шидэхийг зааж өгөхдөө Дунгарын хүүд заахгүй гэж ам өгсөн аж. Эцэг нь ирээд охиноо авахаар Готов гуай яах юм болдоо гэж Дунгар бүсгүй санааширна. Иймэрхүү анзааны гурван айл зусландаа дөхөн, нүүж буусаар өнөөдөр хавцал өгсөн зүтгэж нар хүүшлэх үес давааны оройд гарч үдшийн бүрийтэй уралдан задгай устай нутагтаа хүрэхээр яаравчлав. Дэм дэмэндээ айлсаж, бор хүү айлынхаа шар охинтой сайдаж муудан тоглосоор ажин түжин бор хоног өнгөрөөдөг билээ.

Царцаа царгиж цагаан дэглий цайрах найман сарын дундуур дайн дууслаа гэсэн чихэнд чимэгтэй үг айлаас айл дамжин дуулдсаар Готов өвгөнд хүрч, Холбоо Дунгар хоёрыг нойр хоолноос гаргачихав. Ганц хүүгээ хүлээсэн Холбоо авгай дээл гутал зэхэж оройжин илүүр халааж зүү сүвлэн толгой өндийх завгүй, Дунгар гурван гэрийн үнээ малын сааль сүүтэй ноцолдож, зав зайгаар нь тогоо нэрж, айраг бүлнэ. Сээтэн шар охиндоо эцгийнх нь тухай ярьж гаанс тамхи үлгэж суудаг Готов өвгөн хүүгээ хүлээсэн эцэг хүн шиг орон доогуураа олон жил хадгалсан давхар ясан хяртай ганц дөмөг эмээлийнхээ олом жирмийг сольж, үлдсэн ганц морьдоо уяж өнжмөл дэлийг сумлан засч хөл болно. Түрүүчийн цэрэг ирж буй сургаар гурван морь холбож хөтөлсөн Готов өглөө эртлэн мордоход араас нь сүү өргөж үлдсэн Холбоо авгай "хүүг минь тосоод саадгүй сайн яваад ирээрэй" хэмээн залбирч байлаа.

Усан зэрэглээ займарсан хөндийн замыг ховил суутал ширтсээр өдөр өнжсөн Холбоо аяга хярам буцалгаж уугаад гарч иртэл хүүгийнх нь морийг сул хөтөлсөн гурван эр дөрөө харшуулан бууж байлаа. Хүүдээ хадгалаад хоёр жил эмээл тохоогүй халиун морь эзнээ ирээгүйд буруутай мэт амгай зуун ганайх агаад хаа нэг хүнд туурайгаар тэв хийтэл цавчиж дүнгэнэх хэдгэнийг үргээнэ. Эр нөхрөө хүзүүдэн мэгших Дунгар хүүхэн, эцгээсээ гэрэвших жаал хүү, "миний охин аавдаа ир" гэж дуу нь сааралтах бас нэгэн эцэг, Сээтэн шарынхаа гараас чирэн аавд нь үнсүүлэх гэж аргадах Готов өвгөн тэр бүгдийг зүүдэндээ харах мэт гөлрөн зогссон Холбоо авгайн толгойд хүүгийнхээ морийг тавья даа гэсэн бодол ороход гуйвлан алхсаар уяан дээр очиж халиун үрээний эмээлийг авах үед ард нь халгаж ядан ирсэн Готов хий хоолой засан

-Нөгөөдөр дахиад цэрэг ирэх гэнэ. Содов хүүгээ бас л тосно доо гэж хэлээд халиун морийг сул тавьж хөөгөөд эмээлийг нь тэврэн Холбоо авгайнхруу алхав.

Ээжийн хүү дутаж ирсэн ч эх орон бүтэн цэлийнэ.

Соёрхын Пүрэвсүрэн

2021.03.18

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.