Албан ёсоор биеэ үнэлье

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 07:45 цагт
Мэдээний зураг,

За яадаг юм. Муу нуухаар сайн илчил гэдэг биз дээ. Тэрэн шиг үдэш орой болохоор халаасандаа гараа хийн, харанхуй буланд зогсоод, таних танихгүй залуучууд ирэхээр гүйж очин “Яриа байна уу” гэж асуучихаад, эргэж буцан булан тохой бараадаад ч яахав. Тэртээ тэргүй худалдаж авсан нь намайг биеэ үнэлэгч гэдгийг мэдэхээс хойш, энэ ажлаа бусдаас нуусан ч яалаа байсан ч яалаа. Тийм болохоор биеэ үнэлэх энэ ажлыг маань албажуулж, баталгаажуулаад, мэргэжлийн гэдгийг минь нотлоод мэргэшсэн гэсэн үнэмлэх гаргаад өгчихвөл таарна.

Тэгвэл бороотой, цастай, хүйтэн, халуунд хөдөө хөхөрч, гадаа гандаад байхгүй. Сайхан дулаахан байшинд, шилэн хананы цаана тухтай нь аргагүй сууж байхсан. Ажиллах таатай орчноо бүрдүүлээд амар жимэр хэдэн төгрөгөө олчихоод, тэрнээсээ татвараа төлж, Монгол улсын иргэний үүргээ биелүүлээд сууж байвал амар ч юмуу гэж бодогдоно. Ядаж л биеэ үнэлэх гэдэг мэргэжлийг баталгаажуулаад, ажлын байр гаргаад өгчихвөл дээд сургуулийн диплом өвөртөлж, дуртай мэргэжлээ эзэмшсэн болсон болоогүй охидууд үе үе гарч ирж ажлын байр булаагаад байхгүй биз. Хэрвээ хуультай болчих юм бол энэ мэт завсрын нөхдүүдийг баривчлаад явчихвал, эрхбиш тэд нар нэг хашрих байлгүй. 

Ер нь биеэ үнэлэгчдийн холбоо байгуулах хэрэгтэй юм байна. Цаашлаад холбооны гишүүдтэйгээ хамтран “Биеэ үнэлэгчдийн үйл ажиллагааны тухай хууль” боловсруулж, үүнийгээ холбогдох яамдад танилцуулж, эрх үүргийн талаар илүү нарийн тусгах хэрэгтэй байх. Түүнийгээ Улсын их хурлаар батлуулаад авчихвал ажлаа хийх эрх чөлөө бүрдлээ л гэсэн үг. Ерөнхийдөө бидний ажлыг албан ёсны болгосноор олон талын ашигтай. Би өөрийн өнө удаан жил ажилласан туршлагаасаа дүгнээд ашигтай талуудыг жагсааж бичье л дээ.

1. Бага насны хүүхэд биеэ үнэлэхээ болино. Одоо бол угаасаа Саппоро, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал, Улаанбаатар зочид буудал, интернетээр гээд хаа сайгүй л насанд хүрээгүйчүүд биеэ үнэлж байна шүү дээ. 

2. Ил далд биеэ үнэлэлт буурна. За энэ явдал чинь одоо замбараагүй шүү дээ. Замбараагүй болоод л бид чинь хаа сайгүй тэмбүү тусаад л байна. Бараг энэ өвчнөөрөө дэлхийн улсуудаас толгой цохих нь. Ямар сайндаа нөхрөө, хүүхдээ чимээгүйхэн орхиж гараад л биеэ үнэлж байхав дээ. Тийм болохоор мэргэжлийн үнэмлэхтэйнүүд нь, зориулалтынхаа гудамжинд биеэ үнэлдэг болъё. Харин интернэтээр эсвэл өөр газар ийм үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдийг зарсан, авсан хоёуланг нь шууд баривчилдаг байх хэрэгтэй. Ичих булчирхайтай нь болино биз, ичихгүй мань мэт нь яадаг юм шударгаар хөдөлмөрлөөд, орлогоо олъё. 

3. Хар тамхидалт, хүний наймаа, гэмт хэргийн хохирогч болохгүй. За биеэ үнэлэгч бид чинь иймэрхүү юманд их өртнөө. Монголд биеэ үнэлэж байгаа охид хүүхнүүд маань бас хааяа гадаад хамтын ажиллагаагаа сайжруулна ш дээ. Эрээн, Макао, Малайз, Хонконг гээд л явж өгнө дөө. Тэнд чинь хар тамхиа хэрэглэнэ. Эрхбиш хүн юм болохоороо эх орондоо бас хааяа буцмаар санагдана. Гэтэл тэр үед хүний газар амьдрах байр, ажил олж өгдөг нөхдүүд явуулахгүй ээ. Заримыг нь бүр хил дамнуулаад зарчихна. Амь насанд заналхийлнэ, халдсан ч тохиолдол байдаг. Эцсийн эцэст биеэ үнэлж яваад амь насаа алдсан эмгэнэлтэй түүхүүд гадаадад ч тэр, дотоодод ч тэр байна.

Энэ мэт олон талын ашиг байна. Тэртээ тэргүй Монгол улсад биеэ үнэлэлт, биеэ үнэлэгчид байна. Тэдний зогсдог тэхийн зогсоол хавиар эргэлдэх залуус, алхалдах хүүхнүүдийг хараад тэр нь авах гэж, энэ нь худалдах гэж байна гэдгийг бид бүгд л мэддэг. Өдөр бүр энэ дүр зураг давтагдана. Уг нь бол Эрүүгийн тухай хуулинд хүнийг ямар нэг байдлаар хуурах, залилах, хүчээр биеийг нь үнэлүүлбэл хариуцлага хүлээдэг.

Гэтэл одоогийн, өнөөгийн нөхцөлд эгч нь, танил нь, найз нь ийм замд бие биенээ уруу татдаг. Гэхдээ энэ бүхэн мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг нийгмийн тэр багны цаана өнгөрнө. Магадгүй хэзээ нэг өдөр нүдээ тас анин сохор царайлж алхах энэ нийгмийн нэгэн хар сүүдэр, харанхуй булангаас төрсөн охиноо ч худалдаж авах тийм цаг ирэх вий. Заримдаа биеэ үнэлж яваа охид аавтайгаа таарчихгүй юмсан гэж түгшинэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.