"Урьд өмнө байгаагүй хэмнэлттэй төсөв батлагдлаа"

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, бүхэлд нь баталлаа. Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж, УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Энэ хүрээнд цаг хугацаандаа амжиж өмнөх жилүүдээс онцлогтой, хэмнэлттэй төсөв баталлаа гэж онцолж байна. 2015 оны төсвийг баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд, Төсвийн  байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар сэтгүүлчдэд хамтарсан мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга З.Энхболд: Урсгал зардлыг 118 тэрбумаар хассан

2015 оны төсвийг хугацаандаа баталлаа. Намын бүлэг, байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсгүүд  хэдэн шөнө хуралдаж байж, төсвийг оруулж ирсэн. Энэ жилийн төсвийн гол онцлог нь  эдийн засгийн хямралаас үүдэн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөөр хассан. Үүнд төрийн байгууллагын бараа, ажил үйлчилгээний зардало, Засгийн газрын тусгай сангууд, төрийн байгууллагын шаардлагагүй орон тоо, урсгал болон  их засварын ажлуудыг тодорхой хувиар бууруулсан. Урьд өмнө  урсгал зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан түүх байхгүй. Энэ хүрээнд 1000-аад орон тоо буурсан.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Анх замбараагүй төсөв оруулж ирсэн

2015 оны  төсвийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн барьснаас хойш МАН-ын бүлэг найман удаа хуралдлаа. Ингэхдээ төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, эдийн засгийн хэмнэлтийг  тооцсон, мөнгөний бодлоготой уялдсан байх зэрэг зарчмыг баримталж ажилласан. Анх замбараагүй, олон хууль зөрчсөн, ард иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулахуйц, үндэслэл тооцоог  бодитой хийгээгүй  төсөв   оруулж ирсэн. МАН-ын бүлгээс  дөрвөн татварын хуулийг буцааж, гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхлэн царцаагдсан барилгыг 2015 онд дуусгах санал  оруулсныг баталлаа. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн шинээр хөрөнгө оруулалтын ажил хийгдэхгүй.

Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн: ЗГ, Сангийн сайдгүй үед төсвөө баталлаа

2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхитэй ажиллалаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталж  байсангүй. Мөн улстөрийн нөхцөл байдлын хувьд   Засгийн газар огцорсон,  Сангийн сайдгүй  хүнд үе таарлаа. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.

Нэгдүгээрт: Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Тухайлбал дэд, орлогч, зөвлөх гэх шинээр үүссэн  орон тоон дээрх 345 хүнийг цомхотгосноор 3 тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар 4 тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32   тэрбум төгрөгөөр бууруулжээ.  Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн  байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашдаа төрийн албан хаагчдын орон тоог бууруулах ажлыг үргэлжлүүлнэ.

Хоёрдугаарт: 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй обьектын  санхүүжилтыг шийдэж, арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыг  нэг тийш болголоо. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн обьектыг шилжүүлсэн.

Энэ бүхний үр дүнд төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төсвийн орлого бүрдэх баталгаа алга

2015  оны төсвийг намын бүлгүүд харилцан ойлголцож баталлаа. Хэдийгээр Засгийн газар огцорсон цаг үе таарсан ч УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, нэгдмэл ойлголттой ажилласан. Гэхдээ зарчмын зөрүүтэй олон санал гарсныг  хэлэх хэрэгтэй. Хэд  хэдэн  асуудал шийдэгдээгүй үлдлээ. Ялангуяа төсвийн орлого энд баталсан  шигээ бүрдэх баталгаа алга, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг төсөвт тусгах эсэх асуудлаар  нэг ойлголцолд хүрэх  шаардлагатай. Зөвхөн зардлыг багасгаснаар эдийн засаг сэргэхгүй. Энэ жил шинээр 141  сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, дотуур байр ашиглалтад орно. Мөн цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр  болсон. Гэхдээ  энэ бүхэн төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Тодотгол хийх хүлээлттэйгээр баталлаа

2015 оны төсвийг өргөн барихад учир дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсныг бүлгүүд ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрлээ. Гэхдээ эдийн засгийн  ямар ч хүндрэл биднийг хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол хийх  хүлээлттээйгээр   ирэх жилийн төсвийг баталлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.