МОНГОЛ хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

(Цуврал нийтлэл -1)

Чихний үзүүрт 2021 он гарахад 77 хоног үлдлээ хэмээн радио долгионоор тэртээ тэндээс ярих нь дуулдав. Хоёр далайн чанадхи нэгэн их гүрэнд ирэх жилийг хоног тоолон хүлээх учир шалтгаан байдаг байхад, монголчууд бидний хувьд бас юусан билээ хэмээн өөрийн эрхгүй бодогдов.

1911 он. Өвгөд дээдэс минь эрслэн босч, харь гүрний хоёр зуун гаруй жилийн дарлалаас эх орноо чөлөөлж, тусгаар тогтнол, улс Монгол, Эзэн хаан, Олноо өргөгдсөн он юугаа дэлхий дахинаа зарлан тунхагласан Цагаачин гахай жил. 2021 онд Үндэсний эрх чөлөөний тэр аугаа их хувьсгалын 110 жилийн ой тэгширнэ.

1921 он. Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар олж авсан бүхнээ алдахад хүрэхэд, хар амиа биш, эх орноо гэж өндийн боссон баатарлаг хөвгүүдийн гавъяагаар тусгаар тогтносон, бүрэн эрхт улс орон минь эргэж, сэргэн мандсан. Хэн хүн юу гэдэг ч байсан, далаад жилийн доргион чичиргээнд алдсан оносон юу байдаг ч болсон, 1921 оны Ардын хувьсгал бол мартаж дарвал, мөхөж тарахын цондон шүглэх хосгүй их хувьсгал. Тийм их хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тэгширнэ.

Юу боловч, юу юуны эхэнд, монгол түмний их дуудлагын бүрээч мэт, эх орноо хайрлаж, элэг бүтэн аж төрөхийн уриач дууч мэт Дашдоржийн Нацагдорж хэмээх аугаа их хүүгийнхээ, яг гучин насан дээрээ хойчийн хойчистоо сануулга болгон илгээсэн “Түүхийн шүлэг”-ийг нь цугаараа нэгэнтээ унших хэрэгтэй мэт бодогдлоо.

Дашдоржийн Нацагдорж

ТҮҮХИЙН ШҮЛЭГ

Манай Монгол улс, маш эртний улс аа,

Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,

Гэгээн нар мандсаар, хангай говийг гийгүүлсээр,

Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор.

Хэдийний балар цаг, таван мянган жилийн өмнө,

Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан,

Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан,

Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан.

Энэхүү хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,

Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрмийг цогцлуулсан,

Ромын улсыг хүрч, европ дахиныг сандруулсан,

Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон.

Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан,

Тюрк, уйгартай нийлж,төрөлх орноо сахисан,

Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан,

Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан.

Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,

Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан,

Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,

Холхи ойрхийг нэгтгэж, хүний түүхийг манлайлсан.

Мянган голыг гаталсан, морин туурайн гавъяа,

Найман зүгт мандсан, эцэг өвгийн гавъяа,

Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавъяа,

Манай өнгөрүүлсэн түүх, хүн төрөлхтөнд гавъяа.

Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,

Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой,

Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.

Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө.

Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,

Хойшхи мөрийг харж, урагшлах замыг давшилтай,

Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү,

Түмэн оны энхийг, ийнхүү тэмцэн бүтээнэ.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.