
Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Киевээс зүүн өмнөд зүгт холгүй байрлах Кременчук хотын худалдааны төвийг бөмбөгдсөн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Оросын пуужингийн цохилтонд өртөх үед худалдааны төв дотор мянга гаруй хүн байсан ба пуужингийн цохилтын улмаас багадаа 16 хүн амь насаа алдаж, 59 хүн шархадсан байна. Украины онцгой байдлын албаны аврагчид нурангин доор орсон иргэдийг гаргахаар ажиллаж байна.
Ерөнхийлөгч В. Зеленскийн мэдэгдсэнээр оросууд тухайн худалдааны төвийг санаатайгаар бөмбөгдсөн ба тухайн үед худалдааны төв дотор олон тооны хүүхэд эмэгтэйчүүд байсан мөн нас барсан иргэдийг тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэжээ.
НҮБ болон Украины түнш улс орнуудын шүүмжлэлийг хүртсэн уг халдлагын талаар Оросын талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч НҮБ-д суугаа ОХУ-ын элчин сайдын орлогч Дмитрий Полянский Украин уг үйл явдлыг энэ сарын 28-аас 30-ны хооронд зохион байгуулагдах НАТО-гийн чуулга уулзалтын өмнө өрөвдүүлэх тактик болгон ашиглаж байна хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Манай Батлан хамгаалахын яамны албан ёсны мэдэгдлийг хүлээх хэрэгтэй. Болсон үйл явдалд эргэлзээтэй хэтэрхий олон зүйлс байна." хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
Кременчук хотод орой болж гал сөнөөгчид, цэргүүд гэрэл тусган аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Уг үйл явдалтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украины хүсэлтээр энэ мягмар гарагт хуралдахаар болсон байна. ХБНГУ-д чуулж буй "Их-7" -гийн удирдагчид ОХУ-ын зэвсэгт хүчний халдлагыг буруушааж буйгаа илэрхийлж, уг дайныг дуустал Киевийг бүх чадлаараа дэмжих болно гэдгээ амлажээ.
Оросын зэвсэгт хүчнийхэн Луганск мужид байрлах Северодонецк хотыг өнгөрсөн бямба гарагт эзэлсэн ба өнөөдрийн байдлаар Луганск мужид Украины хяналтанд үлдсэн ганц хот болох Лисичаньскийг эзлэх зорилт тавин давшиж байна. Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдэгдсэнээр өнгөрсөн даваа гарагт оросуудын Лисичаньск хотод үзүүлсэн пуужингийн цохилтын удмааё 8 хүн амь үрэгдэж, 21 хүн шархаджээ.
Вашингтон Украин руу холын зайн тусгалт агаарын хамгаалалтын систем илгээхээр бэлтгэл ажлынхаа сүүлийн үе шат дээр явж байгаагаа мэдэгдсэн байна. "Их-7"-гийн удирдагчдад хандаж хэлсэн үгэндээ В. Зеленский мөн л Украины армид зэр зэвсэг илгээхийг, Украины үр тарианы экспортыг сэргээж, ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ тогтоохыг хүссэн байна.
Үүний хариуд "Их-7" -гийн улс орнууд ОХУ-ын эдийн засагт дарамт шахалт үзүүлэх нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдэж, Украинд нэмж 29.5 тэрбум ам. долларын тусламж үзүүлэхээ амлажээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.