
Азербайжаны эрх баригчид Нагорно-Карабах буюу Уулын Карабахыг Арменитай холбодог Лачин хилийн шалган нэвтрүүлэх постыг хаасантай холбоотойгоор Уулын Карабахын иргэд хүнс, эм тариа зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомстолд орж, хүмүүнлэгийн хямралтай тулаад байна.
Уулын Карабах нь олон улсад Азербайжан улсын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн ч 120 мянган хүн амтай тус нутгийн хүн амын дийлэнх нь арменичууд аж. Уулын Карабахыг Армнитай холбоосон Лачин уулын гарцыг 2022 оны 12-р сард Азербайжаны тал хааж, өнгөрсөн 4-р сард хилийн хамгаалалтаа чангатгаж, шалган нэвтрүүлэх пост байгуулсан аж.
Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн Уулын Карабахын супермаркетуудын лангуу хоосорсон байгааг харуулж, хүнс, эм тариа, шатахуун түлш зэргийн хурц хомстол үүсээд байгааг онцолжээ. 6-р сарын 15-нд Уулын Карабахын засгийн газар Азербайжан Лачин хилийн постоор хүмүүнлэгийн тусламж бүхий тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхийг хориглосон хэмээн мэдэгджээ.
7-р сарын 11-нд Азербайжаны хилийн хамгаалалтын алба Улаан загалмайн нийгэмлэгийн машинаар хориотой бараа бүтээгдэхүүн оруудахыг завдсан гэсэн шалтгаанаар Лачин хилийн постоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх явдлыг бүрэн зогсоосноо мэдэгдсэн байна. 7-р сарын 26-нд Арменийн засгийн газар Уулын Карабах руу 400 тонн хүнс илгээсэн ч Азербайжаны тал Армени Бакугаас зөвшөөрөл авалгүйгээр хүмүүнлэгийн ачаа бараа оруулахыг завдсан нь Азербайжан улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн явдал гэж үзжээ.
Лачин хилийн постыг бүрэн хааснаар эм тарианы хомстол үүсэж, сургууль цэцэрлэгүүд хоол хүнс, түлшний хомтлоос болж хаагдахад хүрч, нийтийн тээврийн үйл ажиллагаа зогсжээ. Арменийн эрх баригчид Лачин хилийн шалган нэвтрүүлэх постыг нээхийг удаа дараа шаардсан ч Азербайжаны тал Армени хилийн уг коридорыг ашиглан хууль бус зэвсэгт бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлж, хууль бусаар ашигт малтмал олборлож байна хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.