
Хятадын Ляонинь мужийн захиргаа агаарын бохирдол, агаар дахь хортой бодисын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан Далянь, Шеньян, Пүшүнь зэрэг найман хотод 54 сая юанийн торгууль оногдуулсан байна. Мужийн захиргаанаас өнгөрсөн жил батлан гаргасан журмын дагуу 2012 оны тавдугаар сараас 2013 оны 10 дугаар сарын хугацаанд мужийн нийт хотуудын агаарын бохирдолд судалгаа хийсэн аж. Харин энэ онд Бээжин хотын агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч саяхан болж өнгөрсөн Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын өмнө шийдвэртэй арга хэмжээ авч багасгасан гэж мэдэгдсэн.
Сүүлийн үед орон нутгийн захиргааны үйл ажиллагааг Хятадын Коммунист намаас дүгнэхдээ байгаль орчныг хамгаалах чиглэлд хийсэн ажлыг гол үзүүлэлт болгож байгаа билээ.
Хятадын “Бээжингийн мэдээ” сонинд агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг гаргаж, цаашид агаарын бохирдолтой тэмцэх арга замууд, төрийн бодлогын талаар асуудал хөнджээ. Агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан хотуудаас хурааж авсан торгуулийн мөнгийг бохирдолтой тэмцэх ажилд зарцуулж байгаа хэдий ч бохирдол үүсгэгч үйлдвэрүүдээс бус орон нутгийн захиргаанаас торгуулийн мөнгө гаргуулан авч байгаа нь хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж байгаатай адил хэрэг болж байна гэж уг сонинд шүүмжилсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505