Гүний уурхайг барихад гаргасан “гэмт үйлдлийг” шалгуулна

Twitter Print
2021 оны 12-р сар 19-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Рио Тинтогоос томилогдсон Оюутолгойн менежментийг хариуцан ажиллаж байгаа Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес, Санхүү хариуцсан захирал Пол Муллинс нарыг шалгуулахаар Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргалаа.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхдээ гаргасан Риотинтогийн менежментийн алдаанаас болж, зардал 1.4 тэрбум ам доллараар нэмэгдэж, хугацаа 2 жилээр хойшилсон. Үүнээс болж баялгийн эзэн Монголчууд 9 тэрбум ам доллараар хохироод байна.

Гүний уурхайд гаргасан энэ алдаагаа Рио Mинто Монголчуудаас нуусан. 2021 оны 3-р сард Оюутолгой ХХК-ийн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл компанийн 49 хувийг эзэмшигчдийн зүгээс АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд хандахад л монголчууд мэдсэн. Тэд Оюутолгойн гүний уурхайг мэргэжлийн бус баг, чанаргүй ган материалаар барьснаас буцааж нураан дахиад барьсан нь зардал нэмж, тэднийг хохироосон гэж шүүхэд өгсөн.

Гэвч Риотинто компаний Зэсийн группын захирал Б.Болд энэ асуудлыг “геотехникийн нөхцөл”-өөс болсон хэмээн хуурсан. Харин 2021 оны 8-р сард Засгийн газрын хүсэлтээр байгуулагдсан Олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг “менежментийн алдаа”-аас энэ асуудал үүссэн гэдгийг дахин баталсан. Уг дүгнэлтээр Оюутолгойн менежментийн алдаанаас болж зардал 1.4 тэрбум ам доллараар хэтэрч, хугацаа 22 сараар хойшилсон нь тогтоогдсон юм.

Оюутолгой ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд 1.9 тэрбум ам долларын “гарз” гарсан гэж мэдээлсэн нь үндсэндээ далд уурхай барихдаа гаргасан илүү зардал буюу бариад буцааж нураан хог болсон материал, ажлын зардал юм.

Оюутолгойгоос өнгөрсөн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын баялаг экспортод гарсан боловч баялгийн эзэн Монголчуудад эндээс юу ч хүртээгүй. Харин өнгөрсөн хугацаанд Оюутолгой компани 4.5 тэрбум ам долларын алдагдал хүлээгээд байна.

Оюутолгойн менежментийн багийн гаргасан алдаа, түүнээс Монгол улсад учирч буй 9 тэрбум ам долларын хариуцлагыг нэхэж иргэн Ч.Бат-Эрдэнэ, Б.Отгон болон Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны зүгээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл өглөө.

Ч.Бат-Эрдэнэ нь Дубайн гэрээг хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүхээр 2019 онд тогтоолгож байсан бол Ц.Туяацэцэг нь УИХ-ын гишүүн С.Баярцогтын оффшор дансны асуудлаар Швейцарь улсад хэрэг үүсгэж байсан билээ.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.