М.Наранбаатар: МҮОНТ зар сурталчилгаа явуулаад эхэлбэл бусад телевизүүд дампуурна

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр МҮОНРТ-д жил бүр 7.4 тэрбумыг төсөвлөдөг учир энэхүү санхүүгийн урсгал зардлыг 3 тэрбум төгрөгөөр бууруулъя гэсэн саналыг нэр бүхий гишүүд дэвшүүлсэн боловч байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Учир нь уг саналыг оруулсан гишүүдийн зүгээс “МҮОНРТ нь тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэж чадахгүй байна. Аль нэг намд илүү үйлчилж байна” гэж үзсэн аж.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж МҮОНРТ-ийн төсвийг 2 дахин бууруулахаар болсон. Хэмнэсэн зардлаа хувийн телевизүүдэд хуваарилж өгөх талаар нэр бүхий гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьж байсан ч одоогоор энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаас гарсан энэхүү шийдвэрийн талаар МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа яагаад МҮОНРТ-ийн төсвийг танаж болохгүй вэ гэдгээр хэд хэдэн зүйлийг чухалчилж, гишүүдийн маргаад мэтгэлцээд байгаа асуудлууд дээр тайлбар өгчээ. Үүнд:

-Улсын төсвөөс мөнгө яагаад өгдөг вэ гэхээр төр нь ард түмнийхээ мэдэх эрхийг хангах, соён гэгээрүүлэх, зорилтот бүлгүүдэд хүрэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өгч байгаа юм.

-Бид шууд зар сурталчилгаа явуулаад, олсон мөнгөөрөө зорилтот бүлгүүдэд хандсан нэвтрүүлэг хийж болно. Хэрэв тэгэх юм бол бусад телевизүүд бүгд дампуурна. Яагаад гэвэл манайх хамгийн том нь.

-Бид өөрсдөө урсгал зардал, тогтмол зардлаа бүрдүүлдэг. Тэгэхээр цалингийн талыг нь хасаад хаячихаар шууд утгаараа орон тоогоо цомхотго гэсэн үг.

-МҮОНРТ нүсэр бүтэцтэй. Телевизийн хоёр сувагтай. Гэтэл бусад телевизүүдийг хараарай. Би шуудхан хэлчихье. Тэд зөвхөн нэг цагийн хөтөлбөр л бэлддэг. Нийт 700 гаруй орон тоотой ажиллаж байна. Бүгд дан ганц MNB-1 телевизэд ажиллаад байгаа юм биш шүү дээ.

-Ер нь бол МАН хасах саналыг оруулсан нь үнэн. МҮОНРТ-ийн хуулийг батлах үед МАН эрх барьж байлаа. Энэ хууль хэрэгжээд 8 жил болж байна. Зургаан жилд нь МАН, 2 жилд нь АН эрх барьж байна. Би Н.Алтанхуягийн Засгийн газартай илүү ажиллаагүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.