Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын энхийг сахиулах хүчний цэргүүдээ Казакстан руу илгээнэ гэлээ

Twitter Print
2022 оны 01-р сар 06-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Хийн түлшний үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан улам бүр өргөжин, шаардлагууд нэмэгдэн Казахстан даяар үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас тусламж хүсчээ.

Тусламж хүссэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстанд болж буй үйл явдлыг "гадаадад бэлтгэгдсэн алан хядагч нар зохион байгуулж байна" хэмээн үзэж буйгаа онцолжээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн хүсэлтийн хариуд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын энхийг сахиулах хүчний цэргүүдээ илгээхээ мэдэгдсэн ба тэрээр уг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа билээ. Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын бүрэлдэхүүнд ОХУ, Армени, Беларусь, Киргиз, Таджикистан, Казахстан зэрэг улс багтдаг аж.

Хийн түлшний үнийг буулгахыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан анх энэ сарын 2-нд Жанаозен хотод эхэлсэн ба удалгүй Казахстан даяар иргэд гудамж талбайд гарч жагсан, хот тосгодын захиргааны байрууд руу дайран орж, Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев болон түүнийг дэмжигчдийг улс төрөөс холдохыг шаардаж эхэлсэн юм.

Алматы хотод өнгөрсөн мягмар, лхагва гарагуудад жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ.

Алматы хотын оршин суугчид нийгмийн сүлжээнд хотын гудамжинд хүртэл автомат бууны дуу тасрахгүй байгааг онцолж байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар цэрэг цагдаа нараас гадна жагсагчид ч мөн адил автомат буугаар зэвсэглэсэн байгаа аж.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстан даяар онц байдал зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.