Хувцас эдлэлээ угаахдаа гаргадаг түгээмэл алдаанууд

Twitter Print
2020 оны 05-р сар 09-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Таны хувцас хурдан гандаад, муудаад, урагдаад байна уу? Хэрвээ тийм бол та угаалга хийхдээ дараах түгээмэл 5 алдааг гаргасан байж болзошгүй. Энэ нь бидний хувцасны эдэлгээг хугацаанаас нь эрт муутгадаг байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн хувцсаа зөв угаацгаая.

Хувцасны оёдол дагтаршиж, хөврөх

Асуудал: Зөөлөн, том хээтэй нэхмэл материал бүхий ноосон цамц, малгай, ороолт зэрэг хувцас хэдэн угаалгын дараа зөөлөн чанараа алдаж, дагтаршиж, нэхмэлийн зай шигүү болж эхэлдэг. Улмаар зарим хэсгээсээ тасарч, хөвөрдөг.

Шийдэл: Ийм болсон хувцсыг засварлах боломж бараг л байхгүй. Хөврөхөөс нь өмнө тасарсан утсыг зангидан тогтоож хэсэг аргалж болно.

Урьдчилан сэргийлэлт: Нэгэнт асуудалтай болсон хувцсыг янзлахаас илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв шийдэл юм. Урьдчилан сэргийлж чадсанаар та хайртай нэхмэл хувцсаа удаан хугацааны турш гоё хэвээр нь хадгалж чадна. Ингэхийн тулд хувцас зайлагчийг зөв хэрэглэх хэрэгтэй.

Цагаан хувцас гандах

Асуудал: Цагаан хувцас нь нарны туяа, орой унтахдаа өмсөх, гэртээ өмсөх зэрэг шалтгаануудаас болж ганддаг хэдий ч дийлэнх нь буруу угааснаас, буруу хадгалснаас болж ганддаг.

Шийдэл: Гандсан хувцас цайруулагч ашиглан цайруулж болох хэдий ч энэ нь төдийлөн шинэ юм шиг цагаан болдоггүй. Тиймээс гандуулахаасаа өмнө урьдчилан сэргийлээрэй.

Урьдчилан сэргийлэлт: Цагаан хувцсаа үргэлж цагаанаар нь байлгахыг хүсвэл та заавал сайн чанарын цагаан хувцасны угаалгын нунтаг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна маш их бохирдолтой цагаан хувцсыг угаахдаа шошго дээрх зааврын дагуу температурт угаах хэрэгтэй. Мөн угаалгын машинд угаах бол цөөн тоогоор угаалгын нунтгийн хэмжээг зөв тааруулан угаагаарай.

Толбо

Асуудал: Толбо бол хувцасны хамгийн том дайсан тэр дундаа тос, бэх зэрэг толбо арилгахад маш хүнд байдаг. Үүнээс гадна цагаан хувцасны зах, ханцуйн толбо арилах бараг л боломжгүй байдаг.

Шийдэл: Толбо арилгах маш олон арга байдаг. Бид үүнээс заримыг нь танд нийтлэл болгон хүргэсэн. Толботой хувцсаа өмсөж чадахгүй, хаяж чадахгүй байхаар тэдгээр аргуудыг туршаад үзэхэд буруутахгүй байх.

Урьдчилан сэргийлэлт: Мэдээж толбоноос урьдчилан сэргийлнэ гэдэг хэцүү. Бид албаар хувцсаа толбо болгодоггүй шүү дээ. Тиймээс цагаан хувцсаа угаахдаа аль болох хувцас зайлагч хэрэглээрэй.

Сайхан үнэр үнэртэхгүй байх

Асуудал: Хэчнээн сайхан үнэртэй угаалгын нунтгаар угаасан ч хувцаснаас чинь сайхан үнэр үнэртэхгүй байна уу? Энэ нь бид хэт халуун усанд угаахаас шалтгаалдаг байна. Өөрөөр хэлбэл 60 хэмээс дээш халуун усанд угаахад угаалгын нунтгийн анхилуун үнэр шингээгч бодис үгүй болдог.

Шийдэл: Мэдээж хувцасны шошго дээр тэмдэглэсэн хэмийн усанд угаагаарай.

Урьдчилан сэргийлэх: Хувцасны бохирдол, усны хатуулаг, усны хэм зэргийг анхаарах хэрэгтэй. Мөн угаалгын машинаа тогтмол цэвэрлэж байгаарай.

Хувцас агших

Асуудал: Цэвэр ноолууран болон ноолуурын орцтой хувцсаа агшааж, багадуулж байгаагүй хүн цөөхөн байдаг байх.

Шийдэл: Нэгэнт ийм болсон хувцсыг буцааж хэвийн хэмжээтэй болгоно гэдэг хэзээ ч бүтэшгүй. Энэ явдал бидэнд сургамж болоод л дуусдаг.

Урьдчилан сэргийлэх: Харин урьдчилан сэргийлэх бол 100% боломжтой юм. Ноолууран хувцсыг угаахдаа хэд хэдэн зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Үүнд угаах усны хэм бага байх, базаж, нухаж угаахгүй байх, мушгихгүй байх зэрэг орно.

Эх сурвалж: anungoo.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.