
Суданд өнгөрсөн бямба гарагт тус улсын зэвсэгт хүчин болон хагас цэрэгжсэн RSF хүчний цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсжээ.
Хагас цэрэгжсэн хүчнийхэн Ерөнхийлөгчийн ордон болон нийслэл Хартум дахь олон улсын нисэх онгоцны буудлыг эзэлснээ мэдэгдээд байгаа аж.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас 27 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархдаад байгаа ба амиа алдсан иргэдийн дотор НҮБ-ын 3 ажилтан байгааг хэвлэлүүд онцолж байна.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр нийслэл Хартум хотод цэргийн хуягт машин техник орж ирсэн байна.
Түүнчлэн нийслэл Хартум болон Хартумын хөрш хотуудад буудалцаан сонсогдсоор байгааг оршин суугчид нь мэдээлсээр байгаа аж. Хагас цэрэгжсэн RSF хүчний тэргүүн Мохамед Хамдан Дагало Суданы арми төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруутгажээ.
Суданы зэвсэгт хүчнийхэн хагас цэрэгжсэн хүчнийхний баазуудад агаараас цохилт үзүүлж байгаа тухай мэдэгдэж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Saudi Arabian Airlines, EgyptAir компаниуд Хартум руу хийх нислэгүүдээ цуцалсан бол Суданы хөрш Чад улс хилээ хаасан байна.
Мохамед Хамдан Дагало тэргүүтэй хагас цэрэгжсэн хүчин нь 2003 онд Суданы Дарфур мужид болсон бослогод оролцсон армийн цэргүүдээс бүрдсэн ба хүний эрхийг хамгаалагчид тус армийг дайны олон тооны гэмт хэрэгт буруутай гэж үздэг аж.
2019 онд Мохамед Дагалогийн хагас цэрэгжсэн хүчин Суданы армитай нэгдэн Ерөнхийлөгч Омар Хасан аль Баширыг албан тушаалаас нь огцруулж, баривчилсан бол 2021 онд төрийн эргэлтийг эсэргүүцэн жагссан иргэдийн эсрэг гал нээж, 120 гаруй хүний аминд хүрсэн юм.
Уг үйл явдлаас хойш цэргийн дээрх хоёр хүчний хоорондын харилцаа муудаж, өнгөрсөн баасан гарагт Суданы армийн зүгээс цэргийн хүчнүүдийн хоорондын сөргөлдөөн өсөн нэмэгдэж байгаа нь Судан улсын тогтвортой байдалд аюул заналхийлж байна хэмээн мэдэгджээ.
Хагас цэрэгжсэн хүчний тэргүүн Мохамед Дагало Суданы армийн бүх баазыг хяналтандаа авах хүртлээ тулалдах болно гэж мэдэгдсэн бол Суданы зэвсэгт хүчин "Хагас цэрэгжсэн хүчнийг татан буугдах" хүртэл ямар ч гэрээ хэлэлцээр хийхгүй гэжээ.
Эх сурвалж: https://www.rbc.ru/
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.