
Багш нь шавьдаа “Чи миний дэргэд шавилан суусаар арван хоёр удаа хур хураагдах, арван хоёр удаа хунгар тогтох хугацааг барав. Сэтгэлд тань цан тогтсон бол төдий удаа хайлах, чийг татсан бол төдий удаа хатахаар болов. Одоо чамайг сорьж үзсү” хэмээжээ.
Шавь дотроо “Бүтэн 12 жил багшийн дэргэд шамдан суралцсан бүхнээ шалгуулах цаг болов” гэж ихэд догдолж, ямар ч сорилд сэтгэл оюунаа бэлдэв. Ингээд багш нь нэгэн богцийг шавьдаа өгөөд “Үүнд орчлонгийн долоон хоосон, долоон дундуур, долоон дүүрнийг багтаагаад ир” гэж гэнэ. Шавьд үүнээс хялбар даалгавар үгүй мэт санагджээ. Эхлээд тэр долоон дүүрэнг цуглуулав гэнэ. Үндэс, ус, агаар, шороо, ном, нулимс, цус, эдгээр долоогоос нэжгээд нэжгээдийг богцондоо хийжээ. Тиймд богц нь даагдахын аргагүй хүнд болов.
Удаад нь долоон хоосонг цуглууллаа. Цуурай, дурсамж, зүүд, зэрэглээ, хов жив, алдар нэр, зовлон тэргүүтнээс төсөөлж чадахынхаа хэмжээгээр богцондоо хийж гэнэ. Тэгэвч богцных нь жин нэмэгдсэн ч үгүй, хасагдсан ч үгүй. Ингээд долоон дундуурыг олж хийхээр аялалаа цааш үргэлжлүүлжээ. Бүх л зүйлийг хэмжиж, барьж, атгаж, асгаж үзээд ч нэг ч дундуурыг олж чадахгүй аргаа барав. Орчлонгийн бүхий л эд зүйлсийг нэгжиж дуусаад, сүүлдээ хүний доторх сэтгэл, мэдрэмжүүдийг хүртэл нэгбүрчлэн нягтлаад ч эс олжээ. Хүмүүс түүнд “Жаргал дундуур, хүсэл дундуур, итгэл дундуур, эд хөрөнгө дундуур, идэж уух дундуур” гэж түмэнтээ хэлэвч тэднийг нь хэмжих ахуйд л дундуур байсан нь нэг бол дүүрээд, нэг бол дундуураасаа дундраад болдоггүй гэнэ дээ.
Аргаа барсан шавь гутлын улыг элээж дуусаад, хөлийн өсгийг эвэршин хатахын цагт дүүрнээр дүүрч, хоосноор бялхсан богцоо чирсээр багшдаа мөлхөж ирэв. Багш нь түүнээс “Долоон дүүрнийг олов уу” гэхэд “Олов” гэлээ. “Долоон хоосныг олов уу” гэхэд бас л “Олов” гэв. “Долоон дундуурыг олов уу” гэж асуухад шавь нь “Олсонгүй” гэж маш ичин хариуллаа. Үүнд багш нь ихэд инээж “Мэдэхгүйгээсээ бүү ич. Чи эрдмийг дүүрэн сурав гэж бодсон тул чамайг ийн сорив. Орчлонд долоон дундуур гэж үгүй билээ. Харин нэг л дундуур буй. Тэр нь эрдэм мэдлэг юм” гэж хэлж гэнэ ээ.
Д.Дамдинжав
"Хөх судар" бүлгэмийн "Шилмэл өгүүллэгийн түүвэр" номын 192 дугаар тал.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ахмад настан
(66.181.161.78) 2021-08-02 10:20Баярлалаа үргэлж хэрэгтэй мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа
Хариулах