Хулгайн тээврийг цэгцлэе

Twitter Print
2013 оны 11-р сар 28-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Хотын соёл нийтийн тээвэр хоёр салшгүй холбоотой. Соёлтой боловсон үйлчилгээ, цэвэр дулаахан тээврийн хэрэгсэл, тогтсон үнийн стандарт энэ бүхэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд яах аргагүй үгүйлэгдэж байгаа дүр зураг юм. Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх гэрээний  үүргээ зөрчиж, үнээ хүссэнээрээ нэмж, тээвэрлэх ёстой хэм хэмжээг хэтрүүлэн зорчигчдыг  тээвэрлэж байгаа байдал нь олон нийтэд хүндрэл учруулдаг.

Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс удаа дараа ирсэн гомдлын дагуу  Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтыг өнгөрөгч аравдугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул  дүүрэгт тав хоногийн  хугацаанд  бага оврын автобусаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй  аж ахуй нэгжид шалгалт хийсэн юм байна.

Шалгалтын явцад 65 тээврийн хэрэгсэл хамрагдаж, гэрээний үүрэг зөрчсөн 30 тээврийн хэрэгслийн жолооч нарт сануулга өгч, 10 жолооочид мөнгөн торгууль ногдуулж, бичиг баримтын зөрчилтэй таван тээврийн хэрэгслийг түр журамлан саатуулах зэрэг  арга хэмжээг авч ажилласан аж.

Өөрөөл хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ зөрчилтэй, гэрээний  болоод  хууль дүрмийн дагуу  үйлчилгээ эрхэлж байгаа нэг ч аж ахуй нэгж, иргэн байхгүйг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Насанд хүрсэн, үнийн дүнг наасан байх, тасалбар заавал  тасалдаг,  зорчигчийн норм хэтрүүлэхгүй зэрэг олон  журам бий ч энэ бүгд ор тас орхигдсон нь шалгалтаар батлагдсан байгаа юм.

Том оврын автобусыг оролцуулалгүйгээр нийтийн тээврийн газартай гэрээтэй 900 орчим бага оврын тээврийн хэрэгсэл  замын хөдөлгөөнд оролцож  буйгаас  470 нь буухиа үйлчилгээнд явж байна. Энэ нь өдөр тутамд  12 аж ахуй нэгж, 24 чиглэлд үйлчилж байна гэсэн үг юм. Харин 450 орчим нь туслах чиглэлд явж байна. Такси үйлчилгээний хувьд нийтийн тээврийн газартай гэрээт бүртгэлтэй 16 аж ахуй нэгжийн 638 такси нийслэл хотын иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаа юм. 2003 онд 61 байгууллагын 3970 такси замын хөдөлгөөнд оролцдог байсан бол энэ тоо жил ирэх тусам буурч байгаа нийтийн тээврийн үйлчилгээ хотын хүн амд хангалтгүй гэдгийг  харуулж байгаа юм.

Нийтийн тээврийн газраас тогтоосон 500-600 төгрөгийн үнэ бага оврын автобус, такси үйлчилгээний хувьд төдийлөн мөрдөггүй  асуудлын нэг. Оройн цагаар үнээ нэмж 1000-1500 болтлоо өсдөг энэ байдал бидэнд дасал болсон гэж хэлж болно.

Тиймээс нийтийн тээврийн газраас судалгаа шинжилгээний үндсэн дээр эргэлтийн уртаас хамааарч тэр тусмаа буухиа үйлчилгээний хувьд үнийг  нэмэх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг хэлж  байна. Учир нь замын  түгжрэл, хол чиглэлд явдагаас хамаарч  өдөрт 3-4  удаа л  тухайн чиглэлдээ явдаг  гэсэн үг. Харин туслах чиглэл харьцангуй алдагдал багатай  учир үнэнд  төдийлөн өөрчлөлт орохгүй.

Гэхдээ аль болох иргэдийн саналд нийцсэн үнийг тогтоохын төлөө ажиллаж, оройн цагаар үнээ нэмдэг  асуудлыг  шийдэхийн тулд  цагийн хязгаарлалтаас хамаарах уу аль эсвэл хол ойроос  шалтгаалж үнийг тогтоох уу гэхчлэн олон саналуудыг оруулж хэлэлцэж байгаа юм.

Д.Цэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.