
Киев Ерөнхийлөгч В. Путиныг хөнөөхийг завдсан гэв. Лхагва гарагийн шөнө ОХУ Кремлийг чиглэн нисэж байсан хоёр дроныг устгасан гэдгээ мэдэгджээ.
Кремлийн зүгээс гаргасан мэдэгдэлд, "Өнгөрсөн шөнө Киевийн зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордон болох Кремльд нисгэгчгүй нисдэг төхөөрөмжөөр цохилт үзүүлэхийг оролдлоо." хэмээн бичжээ.
Түүнчлэн Оросын тал уг халдлагыг "зохион байгуулалттай алан хядах ажиллагаа, Ерөнхийлөгчийг хөнөөх гэсэн оролдлого" гэж үзэж байгаа ба ОХУ "шаардлагатай гэж үзсэн үедээ хариу арга хэмжээ авах эрхтэй" гэжээ. Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэг дээрээс Кремлийн дээр нисэж буй обьект харагдаж, удалгүй Кремлийн дээвэр дээр жижиг хэмжээний тэсрэлт болж байгааг харж болох юм.
Украины зүгээс уг халдлагад огт хамааралгүй гэдгээ мэдэгдсэн ба Ерөнхийлөгч В. Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоровын мэдээлснээр Украин улс ОХУ-д эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх ажиллагаандаа анхаарч байгаа ба Москвад болсон халдлага нь 5-р сарын 9-ны Ялалтын баяраас өмнө нөхцөл байдлыг хурцдуулах гэсэн оролдлого аж.
Нөгөө талаас албаны зарим эх сурвалжууд уг үйл явдал нь "ОХУ Украинд томоохон хэмжээний алан хядах ажиллагаа зохион байгуулах" гэж байгаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Кремлийн зүгээс халдлага болох үед Ерөнхийлөгч В. Путин Ново Огарёво дахь эдлэндээ байсан, мөн түүний ажлын хуваарь өөрчлөгдөөгүй хэвийн үргэлжилнэ гэдгийг онцолжээ.
Дроны эвдэрсэн хэсгүүд Кремлийн хашаан дотор унасан ба үүнээс болж хүмүүс бэртэж гэмтээгүй, барилгад мөн ноцтой эвдрэл гэмтэл гараагүй гэжээ.
Түүнээс гадна ирэх мягмар гарагт Ялалтын парад болдгоороо болно гэдгийг Кремлиэс мэдэгджээ.
Болсон явдалтай холбогдуулан Москва хотын дарга Сергей Собянин хотын дээгүүр зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхийг хориглосон шийдвэр гаргаад байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.