Монгол эм ОХУ-д борлуулагдаж эхэлжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин үлдсэн цөөхөн хувь нь монгол хүний гараар, оюун сэтгэхүйгээр бүтээгдсэн байдаг. Экспортын барааны тоо нэмэгдэнэ гэдэг монголчуудын хувьд том баяр. Тэр тусмаа шинэ төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана гэдэг маш чухал зүйл юм. Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бөөр хамгаалах 100 хувь байгалийн гаралтай “Нефромон” бэлдмэл энэ сараас эхэлж албан ёсны эрхтэйгээр ОХУ-д борлуулагдаж эхэлжээ.

-ГАДАГШАА ЭКСПОРТЛОГДОЖ БУЙ ЭМИЙН ТӨРЛИЙН АНХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН-

2011 оноос эхэлж “Монос фарм” эмийн үйлдвэр нь “Нефромон” бэлдмэлийг Оросын Холбооны улсад бүртгүүлж, хамтарсан үйлдвэр байгуулахаар болжээ. Ийнхүү 2014 оны 11 дүгээр сараас албан ёсны эрхтэйгээр ОХУ-д  борлуулагдаж эхэлсэн байна. “Монос фарм”-ын эмийн үйлдвэр нь 20 гаруй төрлийн ургамлын гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэдгээс дархлаа сайжруулах “Салимон”, бөөр хамгаалах “Нефромон” бүтээгдэхүүнүүд нь олон улсад бүртгэлтэй. “Нефромон” нь гадны оронд борлуулагдаж буй анхны бэлдмэл аж. 

-“НЕФРОМОН” БЭЛДМЭЛ БӨӨР ХАМГААЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ-

“Нефромон” бэлдмэл нь Монголын хөрс шороонд ургасан ургамлаар хийгдсэн 100 хувь байгалийн гаралтай. Нарийн навчит цахилдгийн үндэс, үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд юм. Уг бэлдмэл нь бөөрний түүдгэнцэр сувганцрын хучуур эсийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодиос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах нөлөөтэй аж.

-“ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН”-ГИЙН БАГ ХАМТ ОЛОН ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ-

 “Монос фарм”-ын дэргэд байрлах “Эм судлалын хүрээлэн” нь 1996 онд профессор Л.Хүрэлбаатарын санаачилгаар анх “Зохион бүтээх тасаг” нэртэй байгуулагдаж байжээ. 1998 онд “Эрдэм шинжилгээний төв” болж, 2008 онд “Эм судлалын хүрээлэн” болон хөгжиж, орчин цагийн эм зүйн шинжлэх ухааны ололтод тулгуурлан эрдэм судлал, инноваци, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Тэдний хамт олон 1993 оноос судалгаа хийж 2000 оноос эхлэн “Нефромон” бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлжээ.

Д.Амартүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.