Д.Ганбат: Улс орны эрх ашиг, намын эрх ашиг энэ бүгдийг бодоод нэрээ татлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч намын зүгээс Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн. Мөн АН-ын бүлгийн хурал өчигдөр болж гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тус намын гишүүд энэ шийдвэр бол сонгуулийн дараа хуваа “бялуу” биш, хямралтай тэмцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах алхам. Мөн эе эвийг хичээж ажиллах тал дээр санал нэгтэй байлаа. Бүлгийн хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн үг:

Л.Гантөмөр-Арчилсан нам бол ардчиллын үнэт зүйл рүүгээ явах хэрэгтэй.Шинэчлэлийн  Засгийн газрын алдаа дутагдлыг сайн судалмаар байна, тэгээд тэр алдааг давтахгүйн тулд бид яах вэ., Хэн нэгэн фракциас болж  засаг унасан гэхээсээ илүү алдаагаа засаад урагшаа хараад ажлаа хийх шаардлага байна.

Ерөнхий сайд шиг Ерөнхий сайдтай болъё гэвэл хурдан тэр үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ ерөнхий сайдтай цуг хийх хэрэгтэй Их хурлын шантаажнаас гаргах хэрэгтэй тэр сайдаа өөрөө томилдог эрхийг нь олгох хэрэгтэй. Томилсон хүнээ өөрөө чөлөөлж чаддаг систем рүү бид явах ёстой..

Ж.Батзандан: -АН бол 20 гаруй жилийн хугацаанд олон зовлон туулсан нам. Олон зовлонг туулахдаа олон ухаарал авч байсан учраас өдий зэрэгтэй болсон улс төрийн хүчин гэж би ойлгодог юм. Р. Амаржаргал гишүүнийг нэг их фракцлаад байдаггүй, нэг их нутгарахаад байдаггүй, жалгархаад байдаггүй, жижиг бодол байдаггүй ийм хүнээ бид нар дараагийн ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа гэж ойлгож байгаа.

40 хүрсэн эр дөрөө дарсан ат гэж. Р.Амаржаргал гишүүн 35,36 настай байхдаа Ерөнхий сайдын ажлыг хийж байсан. Одоо 17-18 жилийн дараа ахиад та Монголын төрийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч чадах байх би тэгж бодож байна.

Таны бид нэр дэвшүүлэхдээ, таны асуудалд үзэл санаа, зарчимтай үнэт зүйлтэй ханддаг чанарыг чинь илүү үнэлж нэр дэвшүүлэх асуудал дээр бид шийдвэрээ гаргасан. Эдийн засгийн хямралын үед эдийн засагч, эдийн засгийн бодлого ойлгодог ялангуяа макро эдийн засгийн том бодлогуудыг гаргаж тавьдаг харж чаддаг хүн АН-ыг Монгол орныг удирдах ёстой гэж бид шийдвэрээ гаргасан.

З.Энхболд-Ардчилсан нам анх удаа фракцгүй шийдвэр гаргалаа. Эдийн засгийн хямралтай тэмцэх хүнээ гаргалаа. Түүнээс биш одоо сонгуулийн дараах бялуу хуваадаг шиг тэр нь тэрийг авна, энэ нь энийг авна гэдэг шиг шийдвэр одоо бид гаргаж болохгүй.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийгээ шалгаруулсан шалгуур нь өөрөө сонгуулийн дараах бялуу хуваадаг шалгуур бол биш хямралтай тэмцэж чадах хамгийн сайн хүнээ л тодруулж байгаа юм.

С.Эрдэнэ-Ерөнхий сайд Р.Амаржаргал байна уу, өөр хүн байна уу хамаагүй нийгэмд гол лидер, гол бодлогыг тодорхойлогч болж гарч ирнэ. Энд бол маш их үүрэг хариуцлага байгаа. Бид 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд орохдоо маш их хөдөлмөрлөж, маш их цаг зав, хүн хүч зарж байж Засгийн газрын хөтөлбөр, Ардчилсан намыг Улсын Их Хуралд дэвшүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулж гаргасан байгаа. Энэ хүрээндээ бол маш олон асуудлуудыг бол бид гаргаж тавьсан. Хэрэгжүүлэх нь манай намын туйлын зорилго. Энэ зорилтыг бол Р.Амаржаргал гишүүн бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадах хүн гэж ингэж харж байгаа. Дээр нь хэлэхэд бид эдийн засгийн хямралтай цаг үед илүү үүрэг, хариуцлага хүлээж ажиллах ёстой л гэж бодож байгаа. Бид бие биенийгээ ойлгож, дэмжиж ажиллах ёстой.

Өнөөдөр нийгэмд үнэхээр хүлээлт байгаа. Р.Амаржаргал гэдэг хүн гараад ирэхэд жишээ нь юу өөрчлөх юм бэ.Таныг энэ хүлээлтэд нийцүүлж ажиллана гэж найдаж байна.

Д.Зоригт-Нэгдүгээрт, Монгол улс гадаад талдаа, үүн дотроо хоёр хөршдөө, гуравдагч хөршүүддээ хэлсэн үгэндээ эзэн болдог улс гэдгийг харуулаасай гэдгийг хүсэж байгаа. Хэлсэн үг, хийсэн гэрээндээ эзэн болдог улс байгаасай. Энийг та харуулж нотлохыг таниас хүсч байна.

Хоёр дахь нь, Монгол Улс зээл тусламж шүтдэг биш, хувийн хэвшил дээр тулгуурласан эдийн засагтай юм бол хувийн хэвшлийнхний бүтээлч санаачилгыг дэмждэг, төр хувийн хэвшлийн түншлэл, концессыг шүтдэг, дэмждэг Ерөнхий сайд байгаасай. Тэр хувийн хэвшлийн бүтээлч санаачилгуудад ногоон гэрэл өгдөг Ерөнхий сайд байгаасай гэж хүсэж байгаа юм.

Гурав дахь нь, энэ хүндрэл, хямралын үед ард иргэдэд ачаа бага үүрүүлээсэй. Хувийн хэвшлийн татварын, бизнесийн нөхцөлийг болж өгвөл сайжруулаасай. Аж ахуйн нэгжийн татварыг жаахан бууруулаад, тэр хэмнэгдэх мөнгөөр нь аж ахуйн нэгжүүд цалингаа нэмээсэй. Ажлын байраа хадгалаасай гэж хүсэж байгаа юм.

Хамгийн чухал нэг зүйл бол хөрөнгө оруулагчдын, зөвхөн гадаадынхныг ч биш дотоодын хөрөнгө оруулагчдын алдагдаад байгаа итгэлийг эргүүлэн авчраасай. Итгэл гэдэг бол маш чухал байдаг. Үүнийг эргүүлэн авчраасай.

М.Батчимэг: -Ерөнхий сайд огцров гэдэг дээр бид нар зөндөө ярьсан. Ерөнхий сайд байхаас үл хамаараад бүгдээрээ адилхан туулах зовлон байгаа. Ер нь Улсын Их Хурлын нэр хүнд, намын нэр хүнд унаад байгаа чинь Ардчилсан намд, Их Хуралд, Засгийн газартаа хамгийн муу муухай хүмүүс нь цуглачихаад байдагт биш. Хамгийн гол нь бид нарын ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэр, энэ тогтолцоонд маш их зовлон байна гэж харж байгаа. Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны бие даасан байдал үнэхээр бид нар анхаарахгүй бол болохгүй цаг болсон.

Тийм учраас одоо мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэж байна. Энэ дараагийн байгуулагдаж байгаа Засгийн газар үлдсэн хугацаанд эдийн засгаа босгох, Засгийн газрынхаа үйл ажиллагаандаа төвлөрөөд, зоригтой, эрч хүчтэй, бие даасан байдлаар хийж болдог. Улсын Их Хурлын гишүүд бодлогоо баталж өгөөд зарчмын шаардлагуудаа тавьчхаад зарчмаа нэхээд суудаг ийм л хөдөлмөрийн хуваар руу ороосой гэж бодож байна.

Үндсэн хууль дахь өөрчлөлтөө бид ойлголцоод хийчихмээр байгаа юм. Тийм учраас энэ дээрээ ойлголцоод, энэ намрын чуулганаар чадвал, чадахгүй бол ул суурьтай шинжилгээ хийж байгаад хаврын чуулгандаа багтаад бид Засгийн газрын бие даасан байдлыг хангадаг, Их Хурал нь хөндлөнгөөс зөвхөн хуулийн хүрээнд, зарчмын хүрээнд баталж өгсөн зүйлээ байнга хянадаг ийм тогтолцоонд шилжих юм бол томилдог, огцруулдаг, шантаажилдаг тогтолцоо байхгүй болчихоор тэртээ тэргүй Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг тэр функц чинь аяндаа босоод ирнэ.

Фракцын, аль нэгэн талын сонирхолд автахгүйгээр зарчмаа бариад, том эрх ашгаа бариад явахаар бид нар уулздаг шүү дээ. Үндэсний эрх ашиг дээр бид нарт хуваагдал байдаггүй шүү дээ.

Засгийн газрын бие даасан байдал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны бие даасан байдал, бие биедээ хөндлөнгөөс хяналт тавьдаг болохоос биш үйл ажиллагаандаа хутгалдаж хамтдаа унадаггүй ийм л зүйл рүү явмаар байна.

С.Одонтуяа-Төр өөрөө бизнест оролцох биш, зохицуулалтаа сайн хийх ёстой. Бизнесийнхэндээ гадаад зах зээл олж өгөхөд төр үүрэг гүйцэтгэдэг болох шаардлага байна. Эдийн засгийн хямралаас гаргах гол хөшүүрэг нь хувийн хэвшлээ дэмжих. Хувийн хэвшлүүдийг гацаанд оруулсан олон тогтоол журам байна. Ялангуяа уул уурхайн салбарт. Тэгэхээр бид энэ бизнесийн гацаануудыг гаргаж чадаад, хүнд суртлаас ангижрах юм бол хямралаас дор нь гарчихна.

Д.Ганбат: -Улс орны эрх ашиг, намын эрх ашиг энэ бүгдийг бодоод би нэрээ татаж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.