APEC-Хятад дэглэлт, Хятад амбиц

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өндөрлөсөн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт маш сонин хачин уур амьсгал дунд болж өнгөрлөө. Жинхэнэ Хятад амбицаар өнгөлсөн уг уулзалтад яаравчлан ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Хятад, Орос хоёрыг тас тэврэлдэхээс өмнө амжиж сэргийлэх арга хэмжээ авах бодолтой байсан боловч яах ч аргагүй өөрөө ацан шалаанд унаж хоцросноор барахгүй цаанаас нь зориуд оросын далбааны гурван өнгөөр чимсэн гэмээр хүндэтгэлийн зоогийн ширээний ард зогсох дамшиглал хүлээснээр барахгүй Георгиевийн туузаар чимсэн зөөгч, албаны хүмүүс түүнд үйлчилсэн нь байж суухын аргагүй байдалд оруулсан гэлтэй. Үүнийг олж ажигласан Оросууд олон нийттэй харилцах цахим хуудсандаа зүйл бүрээр доог тохуу хийсэн байх аж. Үүгээр зогсохгүй албан ёсны арга хэмжээний үеэр авсан гэрэл зургуудын дотроос нэгэн зураг дээр Путин “анд нөхдийнхөө дунд”, “Хүндэт зочин” адил зогсож байхад харин Обама хөөрхий “Эхнэрүүдийн клуб”-ын хэсэгт зогсож байна гэж хүртэл даажигнасан байна.

Уг нь бол Обама хөөрхий Хятад улс хараахан багтдаггүй Азийн холбоотнуудтайгаа чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар гурван жил үргэлжилсэн яриа хэлэлцээрээ нэг тийш болгох санаа тавьж байсан боловч даанч боломж олдсонгүй. Америкийн Конгрессоос ч түүнд ийм зөвшөөрөл өгөөгүй байв. Хятадууд харин ч Обамагийн эсрэг хориг арга хэмжээ авч тусдаа холбоо байгуулаад зогсохгүй Азийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх, Орос, Хятадын хоорондын шинэ гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх Бээжинд төвтэй банк хүртэл байгуулчихлаа. Обамад хэлэх үг олдсонгүй, бүр Хонконгод болж буй үймээн санаад бид хамаагүй шүү гэж ая тал засаад амжив. Энэ бүх аятай таатай явдалд нүд баясгаж, сэтгэл ханасан Путин Хятадын даргын эхнэрт халамж тавьж дулаан нөмрөг нөмрүүлсэн шигээ нүүр бардам өнгө төрх үзүүлж байв. Дараа нь Путин, ерөнхийлөгч Барак Обаматай ердөө 20 минут үргэлжилсэн богинохон уулзалт хийсэн бөгөөд өнөөгийн тулгамдсан асуудлууд болох Украин, Сири, Ираны асуудлуудаар ёс төдий ярилцсан байна. Уузалтын эхэнд Обама Путинээс нүүр бруулсан маягтай гар барьсан тухай хэвлэл мэдээллүүд одоо шуугиж байгаа билээ. Гэхдээ Обама түрүүлж Путинтэй мэндэлсэн гэдгийг онцолсон. Оросын тэргүүний хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр тэмдэглэснээр, Владимир Путин дээд хэмжээний уулзалтын үеэр Барак Обаматай аль болохоор «товч ярилцахын тулд» «хэд хэдэн удаа» пауз авч байсан бөгөөд энэ паузаа ашиглан Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг болон Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо нартай үг сольж амжсан байна.

Уулзалтын эхний өдөр Путин, Обама нар огтын инээмсэглэлгүй, товчхон хуурай хэдэн үг солилцсоор Си Зиньпины хамт танхимд орж ирсэн аж. Reuters агентлагийн бичлэгт тэр бүхэн тод буусан байх бөгөөд Путин хурлын танхимын тухайд Обамад англиар «Сайхан, байгаа биз?» гэж хэлэхэд, Обама хариуд нь нүүр өөд нь харалгүй, хүйтнээр «Тийм байна» хэмээгээд дараа нь Си Зиньпиний дэргэд хамтдаа очихдоо Путин, Обамагын мөрөн дээр алгадаж, бараг уурлуулах дөхсөн байна. Reuters агентлагийн тэмдэглэснээр, Обама, Путиныг мөрөн дээр нь гар хүрэх гэхэд цочиж, зай авсан боловч нөгөөдөх нь аль хэдийнэ санасандаа хүрээд авсан байв.

Мөн уулзалтын эхний өдрийн орой төлөөлөгчид ёслолын буудлага үзэх үеэр Путин бас дахин нэг удаа санасандаа хүрч дэргэдээ суусан Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюанд хүрэн өнгийн ороолт нөмрүүлж, тэд хоорондоо инээмсэглэл тодруулан дотно ярилцан сууснаар Барак Обамаг нилээдгүй гонсгор байдалд оруулсан байна. YouTube цахим хуудсан дээр тавьсан бичлэгээс харахад Пэн Лиюань, Путинтэй хэсэг хугацаанд ярилцаж суугаад дараа нь туслахдаа нөмрөгийг өгч өөрийн ноосон цамцыг авч өмсчээ. Дэлхийн хэвлэл мэдээллүүдэд тэмдэглэж байгаагаар, Путин эл явдлаараа дипломат ёсны бичигдээгүй хуулийг илт бүдүүлэг зөрчсөн бөгөөд хятадын хэвлэл мэдээллийн хяналт Оросын ерөнхийлөгчийн ганц зангалтаар уг дүрс бичлэгийг сүлжээнээс авсан гэх мэдээлэл тараад байна.

 

Уулзалтын үеэр энэ мэт дуулиан шуугиантай үйл явдал багагүй гарсаны дотор Хятадын дарга Си Зиньпин, Японы ерөнхий сайд Синзо Абэтай уулзалдаж гар барилцах үеэр хачин жигтэй хүйтэн царайлан зогсож, харин Абэ арга ядан тал засах мэт олон зүйл ярьж байсан нь олны анхаарлыг татлаа. Газар нутгийн маргаантай байгаа хоёр улсын дотор санаа бодлынх илрэл үүгээр харагдах болсон гэхэд хилсдэхгүй. Энэчлэн нийт төлөөлөгчдийг угтан хүлээн авч мэндчилж байгаа, байр суурийг нь зааж өгч байгаа зангараг зэрэг нь 22 удаагийн энэ уулзалт Хятадын сүр хүч, нөлөөг дэлхий дахинд тулган илтгэсэн нэгэн үйл явдал болж өнгөрлөө.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.