Шри Ланка улс дампуурлын ирмэгт тулжээ

Twitter Print
2022 оны 01-р сар 03-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Шри Ланка улсын эдийн засаг болон хүмүүнлэгийн хямрал гүнзгийрч, инфляцийн түвшин дээд цэгтээ хүрч, хүнсний үнэ огцом нэмэгдэж, дампуурлаа зарлах өндөр магадлалтай болжээ.

Коронавирусын цар тахал, аялал жуулчлалын салбарын уналт, засгийн газрын өндөр зардлууд, татварын хөнгөлөлтүүд, их хэмжээний гадаадын өр, гадаад валютын нөөц багассан зэрэг нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал хурцдах шалтгаан болжээ.

Шри Ланкийн засгийн газар гадаад өр, бондын эргэн төлөлтөө төлөхийн тулд мөнгө их хэмжээгээр хэвлэн гаргасан нь инфляцийн түвшин дээд цэгтээ хүрэхэд нөлөөлжээ.

Өнгөрсөн 11-р сард инфляцийн түвшин 11.1 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнээс болж цар тахлаас өмнө хангалуун амьдарч байсан айл өрхүүд хангалттай хоол хүнс худалдаж авч чадахгүйд хүрчээ.

Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса улсынх нь эдийн засаг хүнд байдалд орсныг хүлээн зөвшөөрч, онц байдал зарласнаас хойш Шри Ланкийн зэвсэгт хүчин цагаан будаа, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үнийг нэмэхгүйгээр борлуулж байгаа ч нөхцөл байдал сайжраагүй аж.

Шри Ланкийн ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар уналтанд орж, тус салбарт ажилладаг 200 мянга гаруй хүн ажлын байраа алдаад байна.

Гадаад паспорт олгодог газруудад урт дараалал үүсээд байгаа ба судалгаагаар тус улсын 4 иргэн тутмын 1 нь гадаадын орон руу цагаачлах хүсэлтэй нь тогтоогджээ.

Шри Ланкийн эдийн засагт тулгараад буй хамгийн том асуудлуудын нэг нь тус улсын гадаад өр юм. Шри Ланка БНХАУ-д 5 тэрбум гаруй ам. долларын өртэй бөгөөд өнгөрсөн жил Бээжингээс нэмж 1 тэрбум ам. долларын зээл авчээ.

Ирэх 12 сарын хугацаанд Шри Ланкийн засгийн газар болон хувийн хэвшлийнхэн дотоодын болон гадаадын зээлийн эргэн төлөлтөнд нийт 7.3 тэрбум ам. доллар төлөх ёстой аж. Гэтэл 11-р сарын байдлаар Шри Ланкийн гадаадын валютйн нөөц дөнгөж 1.6 тэрбум ам. доллар байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.