
Вашингтон ОХУ Украин руу цэргээ оруулбал ОХУ-аас Баруун Европ руу хий дамжуулах "Северный поток-2" хоолойн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх арга хэмжээ авна хэмээн анхааруулжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт ХБНГУ-ын эрх баригчид мөн адил ОХУ Украин руу довтолсон тохиолдолд ОХУ-аас ХБНГУ руу хий дамжуулах хоолойд хориг тавина хэмээн мэдэгджээ.
Барууны орнууд ОХУ Украин руу цэргээ оруулсан тохиолдолд ОХУ-ын эдийн засгийг чиглэсэн хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсаар байгаа ба "Северный поток-2" хий дамжуулах хоолойн үйл ажиллагааны тухайд байр сууриа улам чангатгасаар байна.
Москва Украин руу цэргээ оруулахыг төлөвлөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа ч Украины хил орчим Оросын хэдэн 10 мянган цэргүүд, машин техник байршиж байгаа нь ОХУ Украин руу цэргээ оруулах гэсэн айдас түгшүүрийг төрүүлсээр байгаа билээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс, "Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Хэрэв ОХУ Украин руу ямар нэг байдлаар цэргээ оруулбал "Северный поток-2" хий дамжуулах хоолойн үйл ажиллагаа зогсох болно. Бид үүн дээр ХБНГУ-тай хамтран ажиллах болно." хэмээн анхааруулжээ.
Вашингтоны зүгээс Оросын хий дамжуулах хоолойг бүрмөсөн зогсооно гэж байгаа бол ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд Анналена Бэрбок "Северный поток-2" төсөл дээр хатуу хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн ч асуудлыг Москватай яриа хэлэлцээрээр шийдэхийг илүүд үзэж буйгаа илэрхийлжээ.
1225 км урттай "Северный поток-2" хий дамжуулах хоолойг 5 жилийн хугацаанд 11 тэрбум ам. долларын хөрөнгөөр барьсан ба Балтын тэнгисийн доогуур явах уг хоолой нь ОХУ-аас ХБНГУ руу экспортлох хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой юм.
Германы холбогдох албаны хүмүүс уг хийн хоолойн төслийн үйл ажиллагаа ХБНГУ-ын хуульд нийцэхгүй байна хэмээн өнгөрсөн 11-р сард мэдэгдсэнтэ холбоотойгоор "Северный поток-2" хий дамжуулах хоолойн үйл ажиллагаа одоог хүртэл эхлээгүй байгаа юм. Европын томоохон компаниуд "Северный поток-2" хий дамжуулах хоолойн төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч уг хоолойн үйл ажиллагааг олон тооны хүмүүс, байгууллагууд эсэргүүцсээр байгаа билээ.
Байгаль орчин хамгаалагчид "Северный поток-2" ХБНГУ-ын агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх явдалд хэрхэн нийцэх гэсэн асуудлыг дэвшүүлж байгаа бол улс төрчид уг хийн хоолой нь Европыг Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлыг улам нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Северный поток-2" хийн хоолойг геополитикийн аюултай зэвсэг хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.