Өвөрлөгчдөд Их Хятадын ард түмний нэгэн хэсэг болсноороо бахархах, Хятад улсынхаа эрх ашгийн төлөө зүтгэх сэтгэл баттай суусан...

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Жижигхэн асуудал юм даа, гэхдээ томрох дээрээ тулбал эвгүй ч болж магадгүй, авах гээхийн ухаанаар хандаарай. Гурван жилийн өмнө байх аа, эмчилгээний чөлөөгөөр нутагтаа нэг ирчихээд буцахдаа Эрээний хилийн шалган дээр дугаарлаад зогсч байсан чинь миний урд зогсч байсан нэг казах залуу шар хуудас дээрх "нэшнэлити" гэсний ард "казах" гээд биччихсэн байж таарав.

Би ч юм хэлсэнгүй, мань залуу хятадын шалган дээр очоод монгол пас, шар хуудас хоёроо өгсөн чинь нөгөөх нь үзчихээд:- Та монгол паспорттой мөртөө яагаад шар хуудас дээр "казах" гэж бөглөсөн юм?- гэж муухан монгол хэлээр асууж байна. Залуу гүрийж:- Би монгол биш, казах үндэстэн.- гэснээс болоод ойлголцохоо больж, сүүлдээ хилийн ажилтан нь нөгөөхийг дагуулж гараад, паспортан дээр нь хар тамга даруулчихаж билээ. Мань залуу сандарч:- Энэ юу болчихов оо, аль вэ, хятад хэл мэддэг хүн байвал туслаач.- гэсэн боловч түүнд туслах хүн даанч олдоогүй дээ. "Нэшнэлити" гэдэг нь "яс, үндэс" гэсэн утгаас гадна "иргэний харъяалал" гэсэн утгыг агуулдгийг мэдэхгүй, нэг их үндсэрхэг зан гаргаж гайхуулах гэж оролдсон хүнийг яалтай.

Гэтэл бид өөрсдөө Өвөр монголчуудын хувьд яг ийм алдаа гаргаж, монголын иргэдтэйгээ адилд үзээд байх явдал сүүлийн үед гараад байх боллоо. Өвөр монголын сургуульд монгол хэлийг заахыг болиулах оролдлогын үед ийм байдал харагдаж байсан, одоо Дэлхийн монгол үндэстэн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох өвөрлөгч эмэгтэйчүүдтэй нийлж Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлно ч гэх шиг.

Өвөр монголчууд яах аргагүй эртний монгол нутагт төрсөн, бидэнтэй цус, яс нэгтнүүд боловч өнөөгийн нөхцөлд тэд бол монгол гаралтай хятад хүмүүс шүү дээ. Тэд Хятад улсын иргэд, өөрөөр хэлбэл тэдний төрөлх эх орон нь Монгол биш. Өвөр монголын нутаг Монголын газар нутгийн хэсэг байхаа болиод удаж байна, өвөрлөгчдийн сэтгэлгээнд ч бид Хятад улсын иргэд гэсэн сэтгэлгээ нэгэнтээ төлөвшжээ. Надад өвөрлөгч танилууд олон буй, ам халаад ирэхээрээ би тэднээс тоглоом шоглоомын хооронд: -Хэрэв Монгол, Хятад хоёр улс 70-80-аад оны үед байлдаад эхэлсэн бол Та нар аль талд нь орох байсан бэ?- гэж асуухад бүгд:- Бид Хятад улсын иргэд, тэхээр эх орныхоо төлөө л явна шүү дээ.- гэж хариулдаг билээ.

Бид өвөрлөгчдийн тухай ярихаараа төрсөн нутаг, төрөлх эх орон гэдэг ойлголтуудыг хутгаад байдаг болж. Өвөрлөгчдийг монголчууд учраас Монгол талдаа илүү сэтгэлтэй гэж эндүү бодоод байх юм. Өвөрлөгчид өөрсдийгөө монголчууд гэдгээ хэзээ ч мартдаггүй, хэл, ёс заншлаа дээдэлж, хамгаалж үлдэхийн төлөө тэмцдэг нь үнэн, гэхдээ үүнийгээ Ар монгол, халхчууд, өнөөгийн Монгол улстай холбож ойлгохоо аль эрт больсон гэдгийг ойлгох нь чухал.

Мэдээж, мах цусны тасархай учраас тэд бидэнд хан үндэстэнд ханддагаасаа илүү сайн, өөриймсөг хандах боловч тэр хандлага нь тодорхой хязгаар заагтай. Өнгөрсөн зууны 50, 60-аад оны үед Монголд ирж ажиллаж байсан өвөрлөгчдийг би сайн санаж байна, хөөрхий, мөн ч ядуу улс байж билээ. Яг хятадууд шигээ усанд чанасан будааг давсалсан ногоотой хольж идээд л "Танай Монгол ямар баян тансаг, сайхан юм бэ?" гэж гайхаад л, тусгаар улс болж оршин тогтносон бидэндээ атаархаад л. Одоо бол байдал өөр, Хятад баяжсан, хүчирхэгжсэн, тэр хэрээр өвөрлөгчид маань мөн л хятадуудын адил биднийгээ дээрээс хардаг болсон.

Өвөрлөгчдөд Их Хятадын ард түмний нэгэн хэсэг болсноороо бахархах, Хятад улсынхаа эрх ашгийн төлөө зүтгэх сэтгэл баттай суусан, үүнийг би тааж хэлээгүй шүү, дунд нь овоохон хугацаанд хамт байсны хувьд мэдэж байна. Одоо ч гэсэн ар монголчуудаа гэсэн сэтгэлтэй улс өндөр настангууд дотроо хаа нэгтээ тааралддаг ч тэр нь өдрийн од шиг цөөн болсон юм билээ. Үндэс угсаагаа дээдлэх үзлийг эх оронч үзлээс ялгаж салгаж хандмаар л байгаа юм, энэ хоёр бол хоёр өөр зүйл. Үүнийг ялгахгүй бол Хятадын эрх ашгийг Монголд нэвтрүүлэх бодлогод бид өөрсдөө найр тавьснаас ялгаа юун...

Чимэдийн Энхээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.