Австрали, Шинэ Зеландын иргэд хоёр улсын хооронд чөлөөтэй зорчих боломжтой болжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 07-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Австрали болон Шинэ Зеландын иргэд энэ сарын 19-нөөс эхлэн хоёр улсын хооронд тусгаарлалтанд оролгүйгээр чөлөөтэй зорчих боломжтой болно хэмээн Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.

Өнгөрсөн 10-р сараас эхлэн Шинэ Зеландын иргэд Австралийн ихэнх мужууд руу тусгаарлалтанд оролгүйгээр зорчиж эхэлсэн ч Шинэ Зеланд руу зорчиж буй Австралийн иргэд заавал тусгаарлалтанд орж байсан юм.

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Шинэ Зеланд болон Австрали улс хилээ хааж, гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг заавал тусгаарлаж, халдварын тархалт нэмэгдэх бүрт хөл хорио тогтоож байсан билээ.

Өнөөдрийн байдлаар хоёр улс хоёулаа коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа аваад байгаа ба Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн дээрх хатуу арга хэмжээнүүдийг авсанаар Австралитай харилцан чөлөөтэй зорчих боломж бүрдсэн гэдгийг онцолжээ.

Австралиас Шинэ Зеланд руу зорчиж буй иргэд Шинэ Зеланд руу нисэхээсээ өмнө 14 хоногийг Австралид өнгөрүүлсэн байх ёстой, түүнчлэн хоёр улсын хоорондох нислэгээр зорчиж буй иргэд заавал амны хаалт зүүж, Шинэ Зеландад очоод хаана байрлахаа үнэн зөвөөр мэдүүлэх ёстой гэдгийг онцолжээ.

Түүнчлэн ханиад томууны шинж тэмдэг илэрсэн иргэдийг онгоцонд суулгахгүй гэжээ. Коронавирусын цар тахлаас өмнө Шинэ Зеланд жил бүр 1.5 орчим сая Австралийн жуулчдыг хүлээн авдаг байсан ба энэ нь тус улсад ирсэн гадаадын нийт жуулчдын 40 хувийг эзэлдэг байсан аж.

Австралийн иргэний агаарын тээврийн Qantas компани 19-нөөс эхлэн Шинэ Зеландаас ирж очих 100 гаруй нислэгээ сэргээхээр төлөвлөжээ. Коронавирусын халдварын улмаас Австралид 909 хүн, Шинэ Зеландад 25 хүн нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-australia

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.