
Өнгөрсөн 9-р сарын сүүлээр BBC агентлаг БНХАУ АНУ-ын гадаадын улс орнуудад олгодог хөрөнгө оруулалтын хэмжээнээс хоёр дахин их мөнгийг гадаадын улс орнуудад маш өндөр хүүтэйгээр зээлж буй тухай мэлээлсэн билээ. Уиллиам энд Мэри их сургуулийн Олон улсын судалгааны институт дэх AidData судалгааны төвөөс хийсэн судалгаагаар өнгөрсөн 18 жилд Бээжин Нэг Бүс-Нэг Зам санаачилгын хүрээнд дэлхийн 165 орны дэд бүтцийн бүтээн байгуулалтын 13 427 төслүүдэд нийт 843 тэрбум ам. долларыг хөрөнгө оруулалт болон зээлийн журмаар олгожээ. Эдгээр зээлийн гэрээнүүдийн дийлэнх нь олон нийтээс далд явагджээ.
AidData судалгааны төвийн ахлах судлаач Аммар А. Маликийн хэлж буйгаар БНХАУ-ын нууцын жагсаалтанд Бээжин бусад улс орнуудад хэдий хэмжээний зээл олгосон талаарх мэдээлэл багтаж эхэлжээ. Тэрээр, "Орлого багатай болон дунд орлоготой улс орнууд хамгийн түрүүнд Бээжингээс санхүүгийн дэмжлэг туслалцаа хүсэх болсон. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын гадаадын улс орнуудад олгосон зээл, тусламжийн мэдээлэл нууц хэвээр байсаар байна." хэмээн онцолжээ. Хятад болон түүний хөрш Монгол улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй билээ.
Бээжин Монгол улсад зээл олгож, стратегийн дэд бүтцийн бүтээн байгуулалтанд нь хөрөнгө оруулалт хийж тус улсад эдийн засгийн дарамт шахалт үзүүлдэг нь илт байдаг ч сүүлийн жилүүдэд Монгол улсад байгалийн баялгийг олборлох, уул уурхайн томоохон төслүүд эхэлснээр Бээжин тус улсад шахалт үзүүлэх нь хүндрэлтэй болжээ. Монгол улсын төв банкнаас мэдээлснээр Монгол улс БНХАУ-д 2021 оны 3-р улирлын байдлаар 475 сая ам. долларын өртэй болжээ. 1990-ээд оны эхэнд Монгол улсад болсон ардчилсан хувьсгалаас хойш тус улсад Хятадад өргүй байсан үе байхгүй аж.
Монгол улсад Хятадын компаниудын удирдаж буй дэд бүтцийн олон тооны төслүүд явагдаж байгаа ба үүнд төмөр зам, зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд багтаж байна. Хөрш орнуудаа өрийн дарамтанд оруулах бодлогоос гадна Бээжин Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээ зэргийн тусламжтайгаар Монголын засгийн газар болон Монгол улсын жирийн иргэдийг хооронд нь хагаралдуулж талцуулах бодлого явуулж байгаа баримтууд ил болсон талаар The London Economic сайт мэдээлж байна. Бээжингийн хувьд дотоодын болон гадаадын эрх баригчдад нөлөөлөх оролдлого хийдэг нь шинэ содон мэдээ биш билээ.
Тэгвэл Бээжингийн Монголын дотоодын улс төрийн талбарт шурган орох гэсэн үйлдэл нь орон нутгийн болон олон улсын зах зээлд ноёрхох гэсэн санаа гэж харагдаж байна. Нийгмийн сүлжээнд монголчууд БНХАУ монголчуудыг дотор нь хагаралдуулах гэж оролдож буйд бухимдаж буйгаа илэрхийлсээр байна. Иргэдийн дийлэнх нь монголчууд эв нэгдэлтэй байсныхаа ачаар гадаадын нөлөөнд автахгүй хэмээн бичиж байна. Монгол улс байгалийн баялаг ихтэй бөгөөд уул уурхайн дэлхийн томоохон компаниудын нэг Рио Тинто Монголын Оюу Толгой төслийг санхүүжүүлж байгаа билээ. Түүнээс гадна Монгол улс нүүрсээр баялаг юм.
Гэсэн хэдий ч Монгол улсад нүүрс олборлох, боловсруулах дэд бүтэц хомс учраас нүүрсээ түүхийгээр нь экспортлодог байна. 2020 онд Монгол улс хөрш Хятад улсад 10.68 сая тонн нүүрс экспортлосон нь Хятадын тухайн жилд импортоор авсан нийт нүүрсний 10.5 хувийг эзэлж байжээ. Монгол улсын төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой нь Монголын хамгийн том нүүрсний уурхай бөгөөд жилд 30 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг барих олон улсын тендер зарлажээ.
Мэдээж Хятадын нүүрсний компаниуд үүнд бухимдаж, Хятадын талаас Эрдэнэс Таван Толгойн тендерийг цуцлахад нөлөөлөхийг оролдож байна. Хятадын компаниуд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээг ашиглан Эрдэнэс Таван Толгой компанийн нэр төрийг унагах үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Нөхцөл байдал энэ байдлаараа үргэлжилбэл тендер цуцлагдаж, Монгол улсад нүүрсээ түүхийгээр нь экспортлохоос өөр зам үгүй болох ба энэ нь Бээжингийн ашиг сонирхолд бүрэн нийцэх билээ.
Хятадын зорилго нь бүс нутаг дахь хүч нөлөөгөө нэмэгдүүлж, дэлхийн хүчирхэг гүрэн гэсэн статусаа дээшлүүлэх юм. Энэ нь тус улсын газар зүйн болон эдийн засгийн салбарт баримталж буй стратегиэс нь харагдах ба хөрш орнуудаа өрийн дарамтанд оруулахын зэрэгцээ Бээжин Монгол улс болон монголчуудын ашиг сонирхлыг хохироож байна.
Агаарт ялгаруулах хүлэмжийн хийгээрээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ Ерөнхийлөгч Си Жиньпины удирдлага доор 2060 он гэхэд нүүрсний эрчим хүчнээс татгалзаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн ч хөрш орныхоо нүүрсний угаах үйлдвэр барьж, агаарын бохирдлоо бууруулах гэсэн оролдлогыг зогсоох гэж оролдож байгаа нь Бээжингийн дэлхийн уур амьсгалын өөрчөлтийн эсрэг тэмцэх амлалт нь эргэлзээ төрүүлж байна.
Эх сурвалж: thelondoneconomic.com/
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.