
Ой хээрийн түймэрт автаад буй Канадын Альберта мужийн зүгээс Канадын засгийн газарт түймэр унтраах ажилд зэвсэгт хүчнийхнийг дайчлах хүсэлт гаргажээ. Даваа гарагийн байдлаар Альберта мужид ой хээрийн түймрийн 94 голомт бүртгэгдсэнээс 27 нь маш хурдацтай тархаж, хяналтаас гараад байгаа аж.
Түймэр гарсан бүс нутгаас нийт 29 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба Альберта мужид өнгөрсөн амралтын өдрүүдээр онц байдал тогтоожээ.
Өнгөрсөн даваа гарагт Альберта мужийн сайд Даниэль Смит Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой утсаар холбогдон, засгийн газраас ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд зэвсэгт хүчнийхнийг дайчлахад туслахыг хүссэн аж. Хэвлэлийн бага хурлын үеэр Даниэль Смит, "Ерөнхий сайд Ж. Трюдо шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчнийхнийг туслуулахаар илгээнэ гэж мэдэгдсэн. Түймрээс болж хэдэн арван мянган иргэд орон гэр, ажлын байр гээд байгаа бүх зүйлсээ орхисон." гэдгийг онцолжээ. Тэрээр Альберта муж ой хээрийн түймрийн бүсээс нүүн шилжээд 7-гоос дээш хоног болсон насанд хүрсэн иргэн бүрт 1250 канад долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан болохыг дурдсан байна.
Альберта муж даяар асаж буй ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд Квебек, Онтарио зэрэг мужуудын гал сөнөөгчид тусалж байгаа аж. Хамгийн их талбай хамарсан түймэр мужийн төв Эдмонтон хотоос баруун зүгт 140 км зайд Дрэйтон Валли, хойд зүгт 550 км зайд Фокс Лэйк зэрэг газруудад гараад байгаа ба Фокс Лэйкт гарсан түймэрт 20 айл өрхийн байшин, цагдаагийн хэсэг шатжээ.
Альберта нь Канадын газрын тос үйлдвэрлэгч гол муж бөгөөд ой хээрийн түймрийн улмаас газрын тос болон байгалийн хийн зарим цооногийг мөн хий дамжуулах хоолойг хэсэгчлэн хаахад хүрсэн байна. Канадын АНУ-д экспортлох байгалийн хийн хэмжээ өнгөрсөн ням гарагт өдөрт 6.7 тэрбум куб.м болж буурсан нь 2021 оны 4-р сараас хойш нэг өдөрт экспортлосон хамгийн доод хэмжээ болж байгаа аж.
Түүнчлэн Альбертагийн хөрш Бритиш Коламбия, Саскачеван мужуудын зарим бүс нутагт мөн адил ой хээрийн түймэр гарч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.