Оросоор л ярьдаг болохоос адилхан л монголчууд

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

АРД мэдээллийн сайтын сэтгүүлч Сосорбарамын Майдарын Буриадад хийсэн аян замын тэмдэглэл. Хараацайн хот, Иркут нуурын эрэг дээрх элсэн гэр гээд түүний сэтгэлд үлдсэн бүхнийг эндээс уншаарай. Дашрамд хэлэхэд энэ нь түүний Орос улсад хийсэн анхны аялал байжээ. 

-Чулуу авч гарахыг завдав, "сэжигтэй" ааруул болон буриад бин-

Чемодан саваа бэлдлээ. Маргааш аян замд гарна. Энэ удаа Орос руу, тэр дундаа Улаан-Үд орохоор явна. Орос улсад урд өмнө нь зорчиж байсангүй, бүр Зөвлөлтийн системийн үед ч очиж байсангүй. 

Улаан-Үдийн л компани гэсэн, ямартай ч автобусандаа суугаад авлаа. Тасалбар дээр маань жолооч нь хэний ч юм Олег гэж бичсэн байв. Харин автобусанд бидний тасалбарыг лав л орос биш, монгол төрхийн хүн хурааж авав. Би дотроо буриад монгол хүн юм болов уу гэж бодлоо. Үгүй ээ, монгол хүн байв. Тэр биднийг Алтанбулаг хүргэж өгөөд, цаашаа нөгөө Олег авч явах боллоо.

Замдаа нөгөө монгол жолооч маань дунд эргэм насны Олег гэх нөгөө эртэй оросоор харин ч нэг чөлөөтэй "чалчих" юм. Олег харваас цэвэр орос, бас нэлээн чамбай байрын хүн юм. Нөгөө монгол нь хурд нэлээн хэтрүүлэх дуртай нөхөр бололтой. Олег үе үе монгол хамтрагчдаа энэ тухай нь сануулга өгч явав. 

За ингээд, би гэдэг хүн анх удаа Монгол, Оросын хил дээр ирлээ дээ. Эхнэр бид хоёр анх удаа гадаадад хөл тавьж байгаа гэсэн үг биш л дээ. Би Өмнөд Солонгост бол очиж байсаан. Харин эхнэр бол Удаан-Үдэд хоёр ч удаа, Герман, Щвейцарь хүртэл явсан гэж байгаа. 

За, тэгээд хил л бол хил шүү дээ. Хоёр талын гааль гадна талаасаа л өөр харагдахаас дотроо бол зарчмын ялгаа байхгүй юм. Нэг их удаж төдсөн ч үгүй. Ганцхан асуудал гарсан нь нэг орос эмэгтэйгээс өндөг шиг хэмжээний саарал чулуунууд гарч ирж, түүнийг нь Монголын гааль хураажээ. Яагаад хураасныг нь найзууд нь асуух юмаа. Харин Монголын гааль "Монголын чулуу Монголдоо үлдэх ёстой" гэсэн аж.

Здесь такие же монголы, только говорят по-русски...

С.Майдар Тунка орох замдаа Байгаль далайн эрэгт түр саатаж, фейсбүүкийн найз, буриад хөвүүн Дамдинтай сельфидсэн нь

Аа, нээрээ тийм. Монголын талын гаалийн байцаагч гэж нэг нөхөрт цүнхээ шалгуулсан юм байна.

-Энэ юу вэ?

-Үгүй, чи чинь монгол хүн биш үү?

-Энэ юу вэ? (дахиад их л нухацтай асуув)

-Хорхой ааруул л байгаа биз дээ.

Монгол хүн шиг л байх юм, цагаан идээгээ мэддэггүй монгол хүн бас байхаа...

За ингээд "хилийн дээс" алхлаа даа. 

Анх хилийн дээс алхаад ямар сэтгэгдэл төрөв дөө гэж надаас хүн асуух л байх л даа. Харин надад яг л Монголдоо байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн. Харин ганц зүйл нь энд монголчууд оросоор ярина, бас оросууд нь монголчуудаасаа хавьгүй олон юм. Энэ бол миний анхны сэтгэгдэл. 

Орой, бараг л 18 цагийн үед Улаан-Үдэд ирлээ. Хүмүүс ч тоссон. Тэгээд нэг Гүрж ресторанд хооллолоо. Үнэнийг хэлэхэд хоол нь тийм ч сайхан байсангүй. Аа, тийм. Гамбир нь таалагдсан. Гүрж гамбир гээд байсан л даа. Нэрийг нь мартжээ. Ер нь бол гүрж хоол гэж нэрлэхэд хэцүү л юм. Монголын буриадууд ийм гамбир бас хийдэг ш дээ, лепёшки.  

Бид цөцгийтэй бин, эсвэл гамбир гэж хэлдэг дээ. Буриаддаа байгаа буриадууд маань өөрийн үндэсний хоолоо мартсан гэхэд хаашаа юм. Гүржүүд жорыг нь хулгайлаад гүрж хоол гээд өгөөд байгаа юм биш үү гэх бодол. Ер нь яасан ч гүрж хоол бол биш, буриад монголчуудын л хоолны нэг төрөл байсан 

-Айхтар халуун Улаан-Үд, ариун дагшин Байгаль далай-

Тэнд бид замын буудалд үдэллээ. Маргааш өглөө Тункины район орохоор бас л замд гарна. Тэнд харин дажгүй жуулчны бааз байдаг гэцгээнэ. 

Гурван өрөө байна. Нэгэнд нь эхнэр бид хоёр, нөгөөд нь Хабаровскоос яваа гэх сайхан зантай нэг орос эмэгтэй хоёр дэрсхэн хүүгийн хамт, гурав дахид нь Германд суралцдаг монгол оюутан Булган Москвагаас ирсан Пашагийн хамт орлоо. 

Дэн буудалд тун ч халуун. Дэн буудал ч гэж дээ орон сууцны өрөөрхүү л юм. Агааржуулагч нь ажилладаггүй, эсвэл ер нь тааруу ажилладаг эд бололтой. Улаан-Үдэд ер нь айхтар  халуун байлаа. 

Улаан-Үд хотын төв, Эрхүү, Тунка явах төв замын яг хажууд байх “Юность Бурятии” буюу "Буриадын залуу нас" гэдэг хөшөө 

Өглөө нь нөгөө Хабаровскийн эмэгтэй биднийг цай, баншаар дайллаа. Дараа нь гадаа гарч ойролцоох автобусны буудал дээр "нүүр ном"-оор нөхөрлөсөн буриад хөвүүн Дамдин найзыгаа хүлээлээ. Тэр биднийг "Мунгэн сэргэ" хэмээх жуулчны баазад хүргэж өгөх юм. 

Зам зуур Байгаль далайн эрэг дээр зогсож Дамдинтайгаа зургаа авахуулаад цааш хөдөллөө. Энэ дашрамд хэлэхэд би чинь Хөвсгөл далайгаа ч үзээгүй хүн шүү дээ. Харин Өмнөд Солонгост байхдаа Зүүн Хятадын тэнгист нар мандахыг харж л явлаа. Тийм болохоор Байгаль далай бол үнэхээр гайхамшигтай сайхан гэхээс өөр харьцуулж хэлж чадахгүй нь. Ингээд Байгаль далайн ариун уснаас анх удаа амслаа.

Гэсэн ч бид яаравчлахгүй бол болохгүй нь Улаан-Үдээс "Мунгэн Сэргэ" хүртэл бас л дор хаяж 450 км явна

За ингээд Тункины хөндийд байх "Мунгэн Сэргэ" жуулчны баазад ирлээ. Үнэхээр сайхан. Саяны их уулс урдхан дүнхийнэ. Монгол эх орон минь ч ойрхон байна даа. Ер нь л энд хүний нутагт байгаа шүү гэх сэтгэгдэл ер төрсөнгүй. Эргэн тойрон танил дотно монгол царай. Эрхүүгээс яваа хэдэн орос жуулчид. Бусад нь гэвэл эхнэр бид хоёр, ажлын газрын Жанна охинтойгоо.  

Биднийг "Мунгэн Сэргэ"-д жижигхээн, хоёр ортой гэхдээ тохитой байранд буулгалаа. Эхнэрийг юм хумаа янзалж байх хооронд усанд гялс ороод, жаахан юм олж идэхээр нэг бааранд орлоо. Замдаа ядарчээ. Нам унтлаа. 

-Аршан-

Маргааш нь бид рашаан сувиллын Аршан хотод хүрэлцэн ирлээ. Энд уулын цэнгэг агаар хамар сэтлэм. Гайхамшигтай. Жижигхэн горхи, бүр монгол гэртэй юм гээч. Бүх жуулчид уулын хүрхрээ хүртэл нэлээн хол газар явган явлаа. 

Аршанд байх Кынгарг голын нэг салаа энэ зун ийм л харагдаж байна. Гэсэн ч сувиллын газар хэвийн ажиллаж байлаа. 

Аршанд байх байгалийн олон рашааны нэг 

Ойд барьсан Монгол хааны гэр 

Аршанд хол ойроос ирсэн хүмүүс хүслээ шивнэсэн тууз хаа сайгүй л уяж үлдээсэн байх юм. Модноос гадна "ийм" тууз уяхад зориулсан сандал хүртэл байна гээч.

Аршанд байх эртний хүрээлэн, Сталины үеийн бэлгэдэл болсон урд хаалганы хэсэгт байрлах энэ шат он цагийн уртад элэгдэж нуржээ...

Замдаа бүсгүйчүүд маань жирх гэж хөөрхөн амьтантай нилээн нөхөрлөлөө. Гараас хүртэл самар идэх юм. Харин хүрхрээнээс бууж ирсэн надад амьтантай тоглох тэнхээ ч байсангүй, хурдхан л буудалдаа хүрээд унаад өгөх юмсан гэж бодож явлаа.

Тоглох нь хаашаа юм. Самар өгөхөд хэдийг аваад өөр газар очиж идчихээд буцаж гүйж ирэх нь үнэхээр өхөөрдөм юм. 

Кынгаргын анхны хүрхрээ энд тун ч алдартай. Түүний дээгүүр татсан гүүр өнгөрсөн жил нурж унажээ. Харин одоо хэрэгтэй цагт гүйгээд гарчихаар хоёр ч газар хадан цохио дамнуулан бүдүүн шургааган мод хэн ч юм тавьжээ. Зарим аялагчид нээрээ алиа юм аа. Тэдэнд энэ өндөрт гараад хадан дээр нэрээ сийлэх нь хангалттай биш байдаг бололтой. Янз бүрийн л юм сэдэж "танхайрч".

Сайхан унтаад өглөө жаахан оройтож бослоо. Гэртээ бол би их эрт босоод сурчихсан хүн. Энд агаарт нь нам цохиулав уу, эсвэл амарч яваагаа мэдрээд тэр үү, ямартай ч сайхан бөх унтлаа. 

Өглөөний цайны дараа ойр орчимтойгоо танилцахаар гарлаа. "Монгол зах" байдаг тухай мэдээд ёстой гайхсан шүү. Очиж үзлээ, янз янзын л юм байна. Монгол, хятад, буриад бэлэг дурсгалын зүйлээс өгсүүлээд байхгүй ч юм алга.

Энд хүйтэн халуун рашаан, эдгээрийг ашиглан хийсэн усан сангууд их байх юм. Энэ рашаан бүхий усан санд ороход нэг их үнэтэй биш юм, ердөө л 200 орчим рубль болж байсан. 

Дашрамд хэлэхэд би бичгийн болон ярианы хэлний ялгааг ихэд мэдэрсэн. 1989 онд дунд сургуулиа төгссөнөөс хойш ер нь л оросоор яриагүй гэх үү дээ. Надад оросоор ярих дадал дутагдаж байгаа нь илт. Гэлээ ч миний ярьсаныг оросууд ойлгож л байсан. Бас үндэстний ялгаа гэх юм бараг мэдрэгдээгүй. 

Манай бүсгүйчүүд ширээний теннис тоглож байгааг харсан шиг амарч суугаа нь 

Гэнэтхэн тэнд солонгосоор ярихыг сонсдог юм байна. Усан санд тав зургаан солонгос эмэгтэй эх хэлээрээ шаагилдах аж. "Солонгос хүмүүс үү?" хэмээн намайг асуувал их л баярлаж буй бололтой надтай баахан яриа дэлгэх бололтой. Тэдний ярианаас ямартай ч Өмнөд Солонгосоос яваа, замаараа бас Монголоор дайрсан, Монгол маш таалагдсан, удахгүй Эрхүү яваад, тэндээсээ Москва орно гэдгийг нь ойлголоо. Москвагаас гэрийн зүг "гэдэн годон" гэнэ. Нэг нь бүр намайг солонгос хүн шиг байна гэсэн шүү. Яг ш дээ...

Дараа нь баахан загаснуудад хөлөө "идүүлэв". Усан доторхи "пилинг" гэх юм уу хаашаа юм. Эхлээд гижиг ч хүрэх шиг, харин дараа нь массаж хийлгэж байгаа ч юм шиг дажгүй шүү. Жаахан үнэтэй л санагдсан, 500 рубль гэхээр. 

Вышка дахь “Мунгэн сэргэ” амралтын газар үнэхээр тохилог байлаа

Иймэрхүү маягаар бид цагийг үнэхээр зугаатай сайхан өнгөрүүллээ. Эргэн тойрон байгалийн сайхан. Ийм сайхан газар сүүлийн хэдэн жил би лав ингэж сайхан амраагүй дээ. 

-Юундаа ч ер нь гуних билээ дээ?-

Тэнд нэг хөөрхөн гүехэн устай гол байх. Яг л наран шарлагын газар мэт эрэг дагуугаа элстэй юм. Зарим нь усанд нь орж, сэлж байхад зарим нь элсэн дээр нь биеээ шарах юм. 

Харин энэ бол Иркут гол. Ер нь бол нэлээн гүнзгий талдаа устай юм. Хажууд буриад басгад хүүхдүүдтэйгээ тоглоно. Ээж нь элсээр цайз босгов. Харин хүү асууж байна: Юу вэ, ээж ээ? Цайз байгааг харахгүй байна уу?

Тэд оросоор ярина. Танил дотно монгол царайтай хөөрхөн хөвгүүд ийнхүү оросоор шулганалдах. Сэтгэлд гуниг төрнө. Юунд ч гуниглах билээ дээ гэх бодол бас төрнө. 

Хорвоо дэлхий эргэдэгээрээ эргэж, хүмүүний амьдрал ээлжилдэгээрээ л ээлжилнэ. Ажиллаж, амьдарч, үр хүүхдээ өсгөнө. Ямар хэл дээр ярих нь ер нь хэнд хамаатай билээ дээ. Тэдний буруу гэж юу байхав. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л амьдрах хувь тавилантай. 

Би нэг цайз ч юм уу нэг юм элсээр урлая гэж бодлоо. Сайн болсонгүй, харин гэр барьсан нь дориун болсон шүү. 

-Хараацайн хот минь, баяртай!-

Тав дах өдөр Улаан-Үд рүү буцаад л замдаа гарлаа. Бас л оройтож ирээд "Орда" нэртэй зочид буудалдаа буусан. "Орда" байлгүй яахав дээ, үгийн утгыг нь бодоод үзсэн ч. 

Гудамжаар жаахан сэлгүүцэж, энэ тэрийг сонирхов. Улаан-Үд ер нь дажгүй хот юмаа. Таалагдаж байна шүү. Цэвэрхэн, тохилог, тайван амгалан. Харин яагаад ч юм хараацай шувуу маш ихтэй юм. Би бол Улаан-Үдийг "Хараацайн хот" гэж нэрлэмээр байлаа. 

Улаан-Үдийн тэнгэрт дүүлэн нисэх хараацай шувууд. Тэр өдрүүдэд ойн түймрийн утаа хараахан тэнгэрийг нөмөрч амжаагүй байсан тул нартай, тогтуун, цэлмэг байсан. 

Арбатын гудамж гэгдэх хотын төв гудамжинд ч бас "хараацай шувууд" байсан шүү.

Дуурь, бүжгийн театрын хажууханд шинээр гэрлэсэн хосууд дурсгалын зургаа татуулах юм. Тэр өдөр олон ч хос гэрлэсэн байсан. Буриад маягийн гэрлэлт.

Эхнэр бид хоёр ч юунаас дутахав, тэнд бас аз жаргалыг билэгдэж дурсгалын зургаа татууллаа 

Өглөө нь Иволгийн дацан руу хөдөллөө. "Орда" зочид буудлаас холгүй орших автобусны буудлаас 29 номерын автобусанд суугаад автовокзал орсон. Тэндээсээ 130 номерын автобусанд суугаад Иволгийн дацанд хүрнэ. Нэг их төвөгтэй биш юм гээч. 

Иволгийн дацаны үүдэн дээр

Харин Улаанбаатар хүрэх автобусны билет дууссан байсан тул гэр лүүгээ бид галт тэргээр буцав. Бүр гурван өдрийн автобусны тасалбар урьдчилаад зарагдаж дууссан байсан гээд бод доо. Ингээд Москва-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний тохилог купенд суугаад авлаа. 

Өглөө сэрмэгц Улаанбаатарын танил дотно дүр төрх галт тэрэгний цонхоор нүднээ тусч байна. Буугаад такси бариад л гэрийн зүг жирийлгэвээ.

2016 он

Эх сурвалж: asiarussia.ru

Орос хэлнээс орчуулсан:

СЭТГҮҮЛЧ Ц.МӨНХБАЯР

E-MAIL: TSMUNKHBAYAR@YAHOO.COM 
УТАС: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.