Төр өөрийн эмийн сан, эмийн нөөцтэй болъё

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Сүүлд баталсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “5000 хүн тутамд нэг эмийн сан байна” гэж заасан. Аливаа зүйл хоёр талдаа байдаг болохоор зарим хүн “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийн лоббигоор эмийн сангийн тоог ингэж ихэсгэсэн. Үр дүнд нь Улаанбаатарын төвд “Монос” хамгийн олон салбартай болсон” гэж хэлдэг. Цагдаагийнхан бол, эмийн сан олширсноор хяналт суларч, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг давхарлан ууж мансуурдаг хүмүүс ихэссэн гэж ярьдаг. Уг нь ч байр болгоны үүдэнд эмийн сан байгаа нь хүртээмжтэй амар л байна. Улсын хэмжээнд 1200, нийслэлд 550 орчим эмийн сан байдаг.

Гэвч нэг үйлдвэрт бүтээсэн, нэг унаагаар тээвэрлэсэн, адил татвар төлсөн, нэг төрлийн эмийг зэргэлдээ хоёр эмийн сан харилцан адилгүй үнээр зарж байгаад иргэд бухимдаж байна. Дээрээс нь, хилээр нууж авчирсан юу нь мэдэгдэхгүй эмүүдийг худалдаалж буй нь иргэдийг түгшээж байна. Мэдээж төр хувийн хэвшлийн бизнес рүү гар дүрж, тарифийн харилцааг нь зохицуулаад байж болохгүй. Олон жил эмийн салбарыг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд нэг төгрөг өгдөггүй юм аа гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Гэхдээ иргэддээ чанартай, хямд үнэтэй эм худалдан авах боломжийг төр ямар нэгэн замаар бий болгох ёстой.

Манай иргэд жилд 170 тэрбум төгрөгийн эм авч “иддэг”. Эмийн хэрэглээнийхээ 90 хувийг гадаадад импортолдог улс манайх. Эмийн сангуудын ихэнх нь эм импортлогч-ханган нийлүүлэх байгууллагуудаас эмээ авдаг. Харин “Монос”, “Цомбо”, “Тавин ус” зэрэг томоохон компаниуд өөрсдөө гаднаас бараагаа авчирч, өөрийн эмийн сангуудаар зардаг. Бусад эмийн санд худалддаг. Манайх шиг жижиг зах зээлтэй, гурван сая хүрэхгүй хүнтэй улсад эм ханган нийлүүлэгч 2-3 компани байхад л болно.

Бусад улсын жишгийг харахад, эм импортлох зөвшөөрлийг тэгтлээ хавтгайруулж өгдөггүй. Ингэснээр эмийн хяналтыг төр гартаа авахад, үнийг нь савлагаагүй тогтоон барихад тустай байдаг гэсэн. Гэтэл манайд эм ханган нийлүүлэгч 110 орчим аж ахуйн нэгж байна. Аль компани хэдэн төгрөгийн эмийг хэдээр зарж байгааг нь тогтооход ч бэрхшээлтэй. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй, сайн судлагдаагүй, хэрэглээнээс хассан эм Монголд энэ шугамаар орж ирдэг гэсэн шүүмжлэл бий. Уг шүүмжлэл ортой, үгүйг мэдэхгүй ч, ханган нийлүүлэгчийн тоо ийм их байхад Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд яаж ч хичээсэн хяналт тавихад хэцүү.

Өөр нэг жишээ хэлэхэд, “Монос” компани ОХУ-д үйлдвэрлэдэг “Альбумин” хэмээх судсанд тарьдаг уургийг оруулж ирдэг. Бараг ганцаараа гэхэд болно. Үнэ нь 200 мянган төгрөг. “Монос” оруулж ирсэн уургаа бусад эмийн санд худалдахад нөгөөдүүл нь үнэ нэмж зарна. Тэгвэл өвчтөнд “Монос”-ынхоос хямд үнээр уураг худалдаж авах боломж байна уу. Мэдээж одоогоор байхгүй. Харин төр энэ боломжийг бүрдүүлэх ёстой. Тэгвэл яаж.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Байнгын хороон дээр унасан. Гишүүдийн хэлснээр, хуулийн төсөлд эргэлзээтэй зүйл олон байсан ч хэрэгтэй санаанууд явж байжээ. Тухайлбал, сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, улсын эмнэлгүүд өөрийн эмийн сантай байя гэсэн санаа. Хэрвээ улсын эмнэлгүүд өөртөө эмийн сантай байвал одоо тулгараад байгаа нэлээд асуудлыг шийдэж болохоор байв. Жишээ нь, өвчтөн улсын эмнэлэгт үзүүллээ гэж бодъё. Эмч биеийг нь үзээд эмийн жор бичнэ. Жор дээр байгаа эм бусад эмийн санд байдаг л эм гэж тооцъё.

Улсын эмнэлгийн эмийн санд нийлүүлэх эмийг хил, гаалиар оруулж ирэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлсэн  учраас бусдаас хямд. Дээрээс нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамныхан эм үйлдвэрлэгч компанитай шууд гэрээ байгуулсан учраас эм нь найдвартай, чанартай. Хямд үнэтэй, чанартай эм зарж байгаа улсын эмийн сангаар иргэд дуртай үйлчлүүлнэ. Эмийн санд жороор л үйлчлүүлэх учраас эмийн замбараагүй хэрэглээ дагаад багасна. Хэн дуртай нь улсын эмнэлгээс гэдэс өвдлөө гэж фталазол, толгой өвдлөө гэж аспирин, зүрх өвдлөө гэж валидол авч уухгүй. Улсынх учраас худалдааг нь хяналтын камераар хянана.

Энэ бүхний эцэст, төрийн эрхэлж буй энэхүү эмийн бизнес ашиггүй байж болно. Гол нь иргэдийнхээ эрүүл мэндийг хожих нь төрийн эмийн сангийн эрхэм зорилго. Төрийн эмийн сан Монголын эм импортлогчдын оруулж ирж чадахгүй байгаа эм, тариаг оруулж ирдэг. Түүнийгээ ядаж л үйлдвэрийн үнээр нь худалддаг байя. Бас аж ахуйн нэгжүүдийн Монголд оруулж ирдэг эмүүдийг ч импортолъё. Дагаад бусад нь үнээ, чанараа тогтоог. Төрийн эмийн сан өөрийн нөөцтэй. Тэнд аливаа байгаль, цаг агаарын гамшиг, осол тохиолдоход, онц аюултай өвчин тархахад, дайны халдлага гарахад хэрэглэх эм, тариаг нь бэлэн байлгая.

Сэтгүүлч Г.Улсболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.