Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ

Twitter Print
2022 оны 08-р сар 26-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин  цол хүртээлээ.

Ерөнхийлөгч төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв.

Тэрбээр сонгодог урлагийн тайзнаа улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар өнгөрсөн онд шалгарсан билээ.

Түүний амжилтуудаас дурдвал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Тэрээр 2009 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байгаа бөгөөд Ж.Бизе “Кармен” дуурийн Моралес, Эскамильо, Ж.Вердийн “Травиата” дуурийн Гүн, “Аида” дуурийн Амонасро, “Риголетто” дуурийн Риголетто, Монтероне, “Трубадур” дуурийн Ди Луна, Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпья зэрэг дэлхийн сонгодог дууриудын гол дүр, мөн Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Тэмүжин (Чингис хаан), Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Лодон зэрэг үндэсний олон дуурийн гол болон туслах дүрийг бүтээжээ.

Э.Амартүвшин 25  насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж,  2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан дэлхийн  дуучин болсон түүхтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.