Оросууд ирлээ, харин бид бэлэн үү

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Энэ Баасан гарагаас эхлэн Оросууд Монгол руу цувах болно гэж Дорнод Сибирийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид үзэж байгаа гэнэ. Оросод валютын ханш чангарсан, хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, ая эв нь дэндүү таарсан гэмээр энэ цаг үед Оросууд үнэхээр цувж өгөх нь гарцаагүй. Хилийн цаана бүр вагон вагоноороо цуваад зогсчихсон байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнөөдөр Монгол улс Оросын жуулчдыг хүлээн авахад хэр бэлэн байгаа билээ?

Ашигтай, нааштай тал олон байгаа ч бас сөрөг нөлөөллүүд хэр байх бол? Юуны түрүүнд хоёр улсын хоорондын бараа эргэлтийн хэмжээ өсөж, энэ үндсэн дээр худалдааны болоод хүмүүнлэг харилцаа, хамтын ажиллагаа сайжирна. Энэ нь хамгийн түрүүнд гацаанд орчихоод байгаа мөнгөний эргэлтэд нөлөөлөх юм. Манай эдийн засгийн өсөлтийн овоохон хувийг бүрдүүлдэг ганзагын наймаа худалдаа эрхлэгчдийн царцсан мөнгө, хөрөнгө Оросуудын ачаар харин эргэлтэд орж эхэлнэ. Наймаа худалдаа муу байна, хүн юм авахгүй юм, дэлгүүр хэсдэг хүн байхгүй боллоо хэмээн санаашран үглэж суух тэд удахгүй өөрсдөө ачаа бараагаа үүрч, дүүрч хил даван одох дүр зураг мэдээж бий. Яг л ерээд оны дундуур ямар байлаа гэдэг шиг, дахиад шинэ амьсгаа өгөх юм.

Ажил хэрэгч, бизнес эрхлэгчдийн хувьд ч өргөн боломж харагдах энэ цаг үеийг хүлээж байсан байх учиртай. «Монголчууд бидэнд жилдээ 60 мянган тонн үхрийн мах нийлүүлэх бололцоотой. АНУ, Шинэ Зеланд, Австрали болон Европын холбооны улс орнууд бүгдээрээ нийлээд 300 мянган тонн үхрийн мах нийлүүлдэг байсантай харьцуулахад бага тоо боловч Монголчууд энэ орон зайг хэдхэн жилийн дотор нөхөх боломжтой. Хамгийн гол нь Монгол малын мах хамаагүй амт чанартай. Үүний дээр Монголчууд сүүлийн үед сүү боловсруулах орчин үеийн дэвшилттэй тоног төхөөрөмж худалдан авах болсон. Одоо удахгүй Литвээс нийлүүлж байснаас илүү их сүү, сүүн бүдээгдэхүүн, бяслаг нийлүүлж эхлэхэд бэлэн байгаа» гэж хүртэл ярих Сергей Филиппчук хэмээх Оросын эдийн засгийн шинжээч байх юм. Оросын бизнес хүрээнийхэн Монголын эдийн засгийн боломж бололцоог ингэж өөдрөгөөр хараад зогсохгүй Владимир Путины Монгол улсад хийсэн ажлын айлчлал хоёр улсын зогсонги байдалд орсон харилцааг 180 хувь эргүүлсэн. Монголд суугаа АНУ-ын  элчин сайдын реакцаас үүнийг бэлхэн харж болно, Монгол Оросын шинэ шатны харилцаанд тэд маш их сэтгэл зовинож байгаа» хэмээн өгүүлж байгаа нь урьдын хоцрогдсон Монголыг тэд тэс өөрөөр хардаг болсон бололтой.

Буриадын Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сергей Наговицын, Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Кара-Оол болон Эрхүү мужийн захирагч Сергей Ерощенко зэрэг Оросын бүс нутгийн захиргааныхан ч хоёр орны хамтын ажиллагааг өндөр үнэлж, эдийн засаг, хүмүүнлэгийн бүх салбарт харилцаагаа өргөжүүлэх зорилт тавьж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан билээ. Харин өнөөдөр бидний хоёр талаас хүсэн хүлээсэн цаг хугацаа ирэхэд Монгол улсын дотоод нөхцөл байдал ямар байгаа бол?

Наад зах нь Оросын хязгаар нутгийн олон мянган иргэд сайнтай муутайгаа бүгд л ирнэ. Яагаад, хэрхэн татагдаад байгаа нь ч ойлгомжтой. Эрт урьдаасаа л Оросуудыг ах нар гэдэг байсан, цалин хөлс багатай Монголчууд маш найрсаг сайхан хандах болно. Юу байдгаа л барьж гүйнэ. Харин Монголд бүх зүйл харьцангуй хямд гэсэн сэтгэлгээ тэднийг татаж байгаа. Хэдэн жилийн өмнө Ханхаар дайрч цаашаа Монд руу гарах гэсэн гуйлгачин шахуу хоёр жуулчин орос Эгийн голын эрэг дээр таардаг юм. Идэж уух юм юу ч үгүй явнаа. Шөнө манай майхныг бараадаж хоносон бололтой, өглөө биднийг хоол цай болохтой зэрэг дөхөөд ирж байна. Байдгаараа л тэднийг дайллаа, өлссөн бололтой урьд өдөр үлдсэн хорхогны мах, талх ногооны үлдэгдлийг амаа олохгүй идэж байв. Тэр бүгдийг нь харсан бид жаал жуул идэх юм, баахан бэлэн хоол мэтээ өгч, цааш хөл дүүжлэх унаа хөсөг олох, зам хороох арга чаргыг гайгүй сайн хэлж өгөөд явуулж билээ. Бараг далайн зүүн эргээр модон дотуур явган яваад орчих юм яриад байсан юм.

Тэдний ярьснаар бол Хөвсгөл далай одоогоос 30-40 жилийн өмнөх Байгаль далайтай адилхан өнгө төрхтэй маш онгон дагшин харагдаж байгаа аж. Тэдний чин сэтгэлээсээ ярьсныг бүр хожим Байгаль далайн эрэг дагуу тэр чигтээ шахуу  асар их хур хогонд дарагдсан байгаа гэрэл зураг харж байж ойлгосон юм.

“Монгол водка воо” гэж эрхий хуруу гозойлгосон олон зуун согтуу Оросууд хэрвээ хөдөө хээрээр бэлчиж эхэлбэл Хөвсгөл далай удахгүй Байгаль эгчийнхээ нэгэн адил болно биз. Алтайн хязгаар, Саяны нуруугаар ан хөөж, амарч зугаалах дуртай Оросууд Хөвсгөл, Байгаль далайг холбосон шууд аялалын чиглэл гаргахыг сонирхох нь мэдээж. Хөвсгөл хойд нутгийн үзэмж тансаг, онгон байгаль өнөө хэр хэвээр байгаа нь зөвхөн дэд бүтцийн асуудал.

Нэг жишээ татахад Хөвсгөл далайн хойд хөвөө хүрэх 160 км замыг одоо бол 12-16 цаг туулдаг. Мөн Оросын Закаменск районтой хил залгадаг Цагаан-Үүр сумын нутаг алдартай Уйлган, Үүрийн гол, Даян дээрхийн агуй зэрэг ус нутгийн үзэмж тансаг байгаль хэрвээ хойноос зам орж ирэх юм бол жинхэнэ сүйрэлд өртөнө. Урдаасаа Үүрийн гол дээгүүр гүүр тавих, хязгаар нутгийг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах тухай яриа хөөрөө хэдэн жилийн өмнөөс гарч байсан. Энэ мэтээр ус нутгаа бусдаас харамлах жишээ наад зах нь.

За тэгээд өөр олон асуудал бас гарч ирнэ дээ. Харин бид олон мянган Оросуудыг аятай тохитой хүлээн авч, харилцан ашиг гаргаад, эргээд тэдний нутагт айж ичилгүй явж чадах цаг ирэх болов уу гэсэн бодол төрүүлэх үүднээс үүнийг сийрүүллээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.