Хүйн холбоотой Баянгол буюу Цогтбаатар

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

-“УЛААН ОД” СОНИНЫ СУРВАЛЖЛАГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХҮН-

"Зая-тайж" ТББ-ын тэргүүн, ядарсан зүдэрсэн хүний л төлөө гэж явдаг энэрэнгүй сайхан үйлстэн Тамараг би хэзээний таних юм. Тэр надад өөрт тохиолдсон нэгэн сонин явдлыг ярьж өгсөн юм. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Гандангийн дэнж дээрх Жанрайсаг бурхан амилж байна гэнэ. Зүг бүхэнд гэрэл цацраад л, эргэн тойрны хүмүүст өглөг буян тарааж байна. Дандаа л өөрийнх нь танил, өнөөх л гадуур хоног төөрүүлэгсэд, архинд автагсад, орон шоронгоос сая суллагдсан хүмүүс, хүүхдээ тэвэрсэн хүүхэн ер нь л ”3аятайж"-ынхан нь байх юм гэнэ.” Тэгж зүүдэлж сэрчихээд нойр хулжлаа, сонин юм. Зүүдэнд минь бурхан амилж, намайг ээж гэж хүндлэн дууддаг энэ олон хүнд өглөг буянаа тэгж хайрлаж байдаг, ямар учиртай юм бол хэмээн бодсоор нэгэн өглөөтэй золгожээ.

Түүнээс хойш нэг ч их удсангүй, Баянгол дүүргийн тамгын газраас нэг эмэгтэй утасдаж, -Тамара гэж та мөн үү хэмээн асуугаад, Дүүргийн Засаг дарга уулзахаар боллоо. Та хэзээ ирэх боломжтой вэ гэв. Цаг товлочихоод, Тамара бас л бодол болжээ. "Хорооны даргатайгаа хоёр гуравхан л уулзсан даа. Одоо тэгээд дүүргийн Засаг дарга уулзах гэнэ. Дүүргийн захиргаанд хар бор ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан намайг өдий хугацааны дараа тоож уулзах гэж байдаг, юу болох нь тэр вэ? Би чинь одоо тэгээд юунаас эхэлж урт түүхээ ярьдаг билээ" гэхчлэн бодол болжээ. Болзсон цагтаа нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын өрөөний үүдэнд ирвэл утсаар ярьсан мөнөөх эмэгтэй угтан авч, даргынхаа өрөөнд дагуулан оржээ.

Тэртээ ширээний ард сууж байсан бөх байрын, махлаг бор залуу түүнийг угтан босч, мэндлээд өөд өөдөөсөө харан суулаа. Туслах эмэгтэй ч цай чихэр авчирч тавив.

-Тамара гуай, танд би их баярлаж байгаа. Та дүүргийнхээ орон гэргүй, өнчин өрөөсөн, архинд автсан, ядарсан зүдэрсэн олон хүмүүсийг нийгэмшүүлэхээр төрийн бус байгууллага байгуулж, тэднийг хонуулж өнжүүлж, хооллож ундаалж байна. Гэвч нэг хүний хүчин чадал, боломж бололцооноос ахадсан зүйл олон байгаа нь мэдээж. Тэгээд ч дүүргийн зүгээс хүний төлөө гэсэн таны бодит ажлыг дэмжиж, Баянгол дүүргийн 51 дүгээр байрны подвалийг бүрэн тохижуулж, танай "Зая тайж" ТББ-ын мэдэлд өгөхөөр болсон. Засаг даргын нөөцөөс бас хоол ундны хэрэгсэл зэрэг цөөнгүй зүйлийн туслалцааг үзүүлнэ. Та тэр орон гэргүй, ядуу зүдүү хорвоогийн хоног өдрийг төөрүүлж ядаж яваа олон хүнээ бидний тэр бэлдсэн байранд эхийн сэтгэлээр энэрч асарч яваарай хэмээн элгэмсэг дотноор хэлжээ. Тамара ч хэлэх үгээ олохгүй баярлалаа. Тамара тэр цагаас хойш дүүргийнхээ Засаг даргыг миний хоёр шүтээний нэг хэмээн залбирч явах болжээ. Миний дуулсан энэ явдал одоогоос олон жилийн өмнө болсон юм. Тамара гуайн зүүдэнд орж, зөн совин ёсоор ачлал үзүүлсэн, миний эртнээс мэдэх Пүрэвдоржийн Цогтбаатарын тухайд бага ч болов, тодруулан хөрөглөх гэж үүнийг тэрлэн суугаа хэрэг.

...Юм гэдэг цаанаа учиртай, Цогтбаатар өөрөө Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул боловч, түуний нагац ах болох улс даяар Дэрэн бор хэмээн алдаршсан улсын харилтгүй жавхлант арслан С.Самданжигмэд гуай болон Цогтбаатарын ээжийн талын, бусад дээдэс нь Сайн ноён хан аймгийн Арвайхээрийн хошуу буюу одоогийн Баянгол сумынхан. Баянгол сумын угшилтай хүү хожмоо Баянгол дуүргийн Засаг даргын албыг нэр төртэй хааж, улмаар Баянголын Цогтбаатар хэмээн нэршсэн юм. Үүнийг л би юм учиртай гэсэн хэрэг. Цогтбаатарын аавыг нь сампин Пүрэвдорж гэхэд нутаг оронд нь танихгүй мэдэхгүй хүн байхгүй. Тунчиг төлөв төвшин, тохитой томоотой, шударгуу зантай Пүрэвдоржийг яагаад хүмүүс сампин хэмээн овоглон дуудах болов гэхээр, Пүрэвдорж бага залуудаа сампинг ёстой шажигнатал цохиж, ганц тооны зөрүү гаргадаггүй байснаас тэр гэдэг. Хөдөөний нэгэн хээгүй хар хүн боловч хууль дүрэм, ёс жаяг мэдэх талаараа өмнөө гишгүүлэхээргүй бичиг номтой нэгэн байжээ. Нутаг усныхан нь ийш тийш нь өргөдөл бичүүлзх хэрэг л гарвал Пүрэвдоржийг зорих болдог байв.

Ээж Пэрэнлэйн Пагма нь яслийн хүмүүжүүлэгч, сүүлдээ тэтгэвэрт гарахын өмнөхөн сургуулийн үйлчлэгч зэрэг дандаа л хүүхэд багачуудын инээд дуу цалгисан газар ажил төрөл хийж явжээ.Хүний хайлан, хангай нутгийн нэгэн өндөр ээж болсон Пагма гуай өөрийн үеэл ах, улсын хурц арслан Самданжигмэд, авга ах нар нь болох Лодойдамба заан, Шадавтүндэв тулгат нарынхаа шийрийг хатааж, гайгүй тамирчин явжээ. Бүр жирэмсэн байхдаа хүртэл холын зайд гүйж, аймагтаа түрүүлж байсан тэр буянт буурал урт насалж, саяхан өөд болов. Өвөрхангай, Тарагтынхан ээжид золгоно хэмээн хадаг сүү барин зорьж ирдэг асан ижий минь мөнх бусын хорвоогоос хэдийнэ буцсан ч, бурхны орноос хүний өөрийн биднийгээ харж, амар амгаланг айлтган залж байгаа даа хэмээн Цоггбаатар сүслэн дурсдаг ажээ.

П.Цогтбаатар худалдаа бэлтгэлийн ангийн дарга, агент, түүхий эдийн эрхлэгч зэрэг алба хашиж явсан аавыгаа даган автолавкагаар айл хэсэн хорвоог таньж, дэрсээр одоогийн угсардаг тоглоом шиг элдэв юм хийж эрхлэн эмч домч болж, морин дэл дээр дарцаглан их бага наадамд айрагдаж явсан сэргэлэн хэрнээ жаахан сахилгагүй бор хүү аймгийн төв, Тарагтын дунд сургуулиудад сурч дүүргээд, 1979 онд Худалдааны техникумд суралцахаар нийслэл Улаанбаатарыг зорьжээ. Сургуулиа бэлтгэл судлаач мэргэжлээр төгссөн залуу ажлын гараагаа Арьс ширний үйлдвэрт чанар шалгагчаар эхлэв. Угийн ажилсаг, нэг барьж авснаа заавал дуусгаж байж салдаг, хэцүү бэрхээс тэгтлээ халгаж буцаад байдаггүй зан чанар нь хүдэр чийрэг гараараа улс орныхоо бүтээн байгуулалтыг цогцлоож байсан ажилчин түмний дунд ороод улам л асч бадарчээ. П.Цогтбаатар анхныхаа цалинг аваад, харих замдаа хоёр литр сүү худалдан авсан гэдэг. Нэгийг нь санан байж, аавынхаа шарил дээр аваачиж өргөөд, нөгөөдөхөөр нь ээждээ сүү болсон шаргал цай чанаж өгсөн гэдэг юм, Ингэж ч тэрбээр холын холд зурайх сүүн цагаан зам мөрөө баттайгаар зассан болов уу хэмээн өнөө бодогдоно. П.Цогтбаатар аавынхаа ажил мэргэжлийг залгамжилсан худалдааны чиглэлээр ажиллах сонирхолтой байсан ч амьдрал “багш” зөвшөөрсөнгүй. Хорьхон насандаа цэргийн албанд дайчлагдан иртэл мэргэжилтэй хүмүүсийг Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцуулна гэсэн шийд гарч, тэрч ёсоор химийн мэргэжил эзэмшин төгсчээ. Тэгээд л дэслэгчийн мөрдөс зүүсэн офицер Улсын иргэний хамгаалалтын ерөнхий газрын харъяа 122 дугаар ангид салаа, химийн албаны даргаар арав гаруй жил ажиллаж 90-ээд онтой золгов. Юу ч хийсэн хоёрын хооронд улбайж сулбайж явахгүй гэдэг хар багаас нь суусан хэрсүү зан удирдсан салаа, салбар, албаа Монгол Улсын зэвсэгт хүчнийхэн дотор манлайлагчдын нэгэнд баттай аваачжээ. П.Цогтбаатар өөрөө ч ш армийн хэмжээний тэргүүний офицеруудын нэгэн болов. Батлан хамгаалах яамны орлогч сайд, Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга, хошууч генерал Г.Махбариад хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгч, өнөр өтгөн, өрх гэр болоорой хэмээн ерөөж, урам зоригийг нь бадрааж байсан түүх түүнд бий. Шинэхэн байртай, сэтгэл нийлсэн ханьтай, тэрсхэн гурван охинтой, ёстой генералын ерөөлөөр өнөр айл болжээ. Армийн төв хэвлэл "Улаан од" сонинд залуу сурвалжлагч Цахиагийн Элбэгдорж сурвалжилж бичээд, армийн онц бүлгийн удирдагч Цогтбаатар та, ажил үйлс бүхнийг манлайлагч байгаарай гэсэн ерөөлийн үгээр төгсгөж билээ. Шинэ цаг үе шинэ сорилтыг тулгадаг. Улс орон тэр чигээрээ уруудаж өгсөж байсан тэр их донсолгоо армийг ч яахин тойрох билээ. Хэн хүнгүй л одоо цаашдаа яажшуухан амь амьдралаа авч явах вэ гэдэг хариулт нэхсэн асуулттай тулгарав. Адилхан л хүн юм чинь хэнээс хэн дутах вэ гэх мань хүний өөртөө итгэсэн бардам бодол оргилж эхлэв. Арваад жил мөрнөөсөө салгаагүй офицер хувцас, саарал шинелиэ эвхэж тавьчихаад, тэр цагийн нийтийн жишгээр наймаанд морджээ. Урагшаа хойшоо хил гарч, зах зээлийн нийгэмтэй алхаа нийлүүлсэн нь буруудсангүй. “Явсан нохой яс зууна” гэгчээр, олсон хэдийгээ хурааж хумьсаар худалдаа жуулчлал эрхэлдэг “Алтан Тал” хэмээх компани байгуулсан нь цагийн аяст сөхрөлгүй өнөөг хүрсэн. Түүнд байдаг ясны гэмээр олон сайхан чанар бий.

Хаана ч юу ч хийсэн, хүний итгэл даах ноён нуруу, гялалзуур шуурхай, хатуугаас халирдаггүй зан, хэлсэн үгэндээ ямагт хүрдэг чанар гээд түншээ татах зан төрх нь ч нөлөөлсөн биз. Ашиг орлого нь арвижиж бизнесийн чиглэлээрээ явж болохоор угийн сурах гэсэн хүсэл тэмүүллээ ч орхисонгүй.

Улс төрийн дээд сургууль, Удирдлагын академид суралцаж, магистрын зэрэг хамгаалав. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч-эрх зүйч мэргэжлээр дүүргэж, төрийн удирдлагын магистр цол хүртэв. Цаашид докторантурт ид л суралцах гэж байтал нөхөд нь, Улс төрд ор, Баянгол дүүрэгтээ өрсөлдөөд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд суу. Цаана чинь төрийн дээд суудал ч ойрхон байна гэх зэргээр ярьж хэлэх, ятгаж шавдуулах болжээ.

Тэр ч ёсоор “Алтан тал”-ын захирал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр анх сонгогдсон нь 2000 он. Тэр цагаас хойш нийслэлд гурвантаа сонгогдож, Баянгол дүүргийн Тохижилт, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, дүүргийнхээ Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж, Баянгол дүүргийн МАХН-ын хорооны даргаар ч сонгогдож байв. Баянгол дүүргийн үе үеийн дарга нар дунд хэзээ ч мартагдахааргүй, хэн ч баллуурдахааргүй тод мөрөө үлдээсэн хайртай дарга нарын нэг байсан юм.

Манай Баянгол дүүрэг хөгжлийнхөө олон үе шатыг туулж, сар шиг дүүрэг байснаа нар шиг дүүрэг болсныг хэн хүнгүй мэднэ. Тэр дунд П.Цогтбаатар дарга багийнхантайгаа хийж бүтээсэн зүйлс нь тод томруун харагддаг. Түүний санал санаачилгаар хийсэн ажил бүхнийг тоочно гэвэл, цаг цаас гүйцэхгүй. Наад зах нь иргэний бүртгэл мэдээллийн бүхий л ажил дүүрэгт төвлөрч, хүмүүсийг хар үүрээр гаднаа дугаарлуулдаг байлаа. Түүнийг болиулсан. Дүүргийн бүх хороод бүртгэл мэдээллийн ажилтантай болсноор иргэдийн чирэгдэл бухимдал арилсан. Гэр хорооллын өрхийн эмнэлгүүдийг зориулалтын тэрэгтэй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулсан, дүүргийнхээ ахмадуудад зориулан ээлжиндээ 60 хүн хүлээн авах Баянгол амралтыг байгуулж, ердөө хэдхэн сард 2100 хүн амрааж байсан жишээ бий. Чухам П.Цогтбаатар даргын үед л Баянгол дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн хөгжилд үсрэлт гарсан гэж үздэг. Дунд сургуулиуд 95 хувь англи хэл, 100 хувь компьютерийн кабинеттэй болж, нийт сургуулийн жараад хувийг интернэтэд холбуулж чадсан байдаг. Өнөөгийн Баянгол дүүргийн шинэ эмнэлгийн газар, зураг, төсвийг нь бүрэн шийдэж байлаа. 2005 онд дүүргийн хэмжээнд 14.000 орчим ажилгүй иргэд байсан бол дөрвөн жилийн дотор 8500 болгон бууруулж чадсан нь бас л түүний шаргуу хөдөлмөртэй холбоотой. П.Цогтбаатар даргын үед Баянгол дүүргийн гадаад харилцаа ихэд өргөжжээ. ХБНГУ, Япон, Турк, БНСУ, БНХАУ зэрэг орны хот дүүргүүдтэй найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирлээ. Цогтбаатар даргын бусдаас ялгарах онцлог гэвэл угаасаа л хүний төлөө төрсөн хүн шиг санагддаг. Дүүргийнхээ иргэн бүрт хүрч ажиллахын төлөө зүтгэсний үрээр, аль ч насны, их бага гэлгүй хэн бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн Засаг дарга байж билээ. Тэр жилүүдэд Баянгол дүүрэг гурван жил дараалан нийслэлийн шилдэг дүүргээр шалгарч байсан бол, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын "Сайн засаглалыг хэрэгжүүлэгч" байгууллага, Монголын менежмэнтийн холбооны “Шилдэг менежер" цолыг тус тус хүртэж байв. Баянгол дүүргийг ахмад настан, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй мргэдэд ээлтэй дүүрэг болгосон нь П.Цогтбаатар даргын гавьяа гэхээс өөрөөр хэлэх аргагүй.

Би саяхан, хөрөгийн эхэнд дурссан Тамаратай уулзлаа. Тэрээр Засаг дарга асан П.Цогтбаатарыгаа өнөө хэрнээ хүндэтгэн дурсаж байдгаа өгүүлээд “Тэр хүн Баянгол гэх их өргөөний хойморьт залагдаж байсан, одоо ч залагдах ёстой хүн. Хангайн сайхан Баянгол нутгийн дээдсийн үр сад энэ эрхэм хүнд Баянголоор заавал овоглож явахын ерөөл тавилан цаана цаанаасаа бүрдсэн юм шүү" гэж билээ. Энэ үг магадгүй, манай баянголчууд бүгдийн чин сэтгэлийн үг ч байж болох юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.