Thanksgiving day буюу Талархалын баярын өдөр

Twitter Print
2018 оны 11-р сар 24-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Thanksgiving day буюу Талархалын баярыг Нэгдсэн Улсад жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагт бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг. Энэ жилийн Талархалын баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, бие биендээ талархал илэрхийлж, дайлдаг өдөр юм. Энэ өдрийн баярын ширээний гол идээ нь цангис жимсний сүмсээр амталж шарсан цацагт хяруул байдаг ба хулууны бялуугаар даруулдаг юм.

1620 онд Англиас Америкийн газар нутаг дээр дүрвэн ирсэн Пилгримчүүд буюу цагаан арьстнууд одоогийн Массачусетс мужид анх хөл тавьжээ. Тэд замдаа асар их зовлон, бэрхшээлийг туулан ирсэн юм. Англид Пилгримчүүд өөрсдийн шашны зан үйлийг хэрэгжүүлж чаддаггүй байсан ба шашны эрх чөлөөг хайж анх Нэгдсэн улсад иржээ. Ирсэн анхныхаа өвлөөр Пилгримчүүдийн бараг тэн хагас нь хүйтэн, өлсгөлөн гачаал, өвчин зовлонгоос болж амь үрэгдсэн билээ. Массачусетс мужийн газар нутаг дээр тухайн үед амьдарч байсан нутгийн уугуул иргэд буюу Индианчууд Пилгримчүүд болох цагаан арьстануудад сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд эрдэнэ шиш тарих, ан хийх болон загас барих аргыг зааж сургаснаар тэд ирэх жилдээ хангалттай хоол хүнстэй өвөлжсөн бөгөөд талархсан сэтгэлийн хариу болгон Индианчуудыг урьж цайллага хийжээ. Энэ нь анхны "Талархалын Баяр"-ын эхлэл байсан юм.

Энэхүү баяр нь олон жилийн дараа Сара Хэйл гэдэг эмэгтэйн ачаар үндэсний албан ёсны баярын өдөр болсон. Сара Хэйл дөчин жилийн турш ерөнхийлөгч болгонд захиа илгээж "Талархалын Баяр"-ыг албан ёсны болгох хүсэлт тавьсан ба 1863 онд Ерөнхийлөгч Линкольн зарлиг гарган албан ёсоор зарлан тунхаглажээ.

Өнөөдөр энэ өдрийг олон оронд тэмдэглэдэг ба хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг нь Америкийн Нэгдсэн улс юм. Энэ баярыг тохиолдуулан ихэнх албан байгууллага 4 өдрийн амралт өгдөг тул хүмүүс аав ээж, ах дүүдээ зочилж, газар үзэж, зугаалж хамтдаа цагийг сайхан өнгөрөөдөг уламжлалтай. Мөн энэ баярт зориулсан урлагийн тоглолт, парад хүртэл болдог. Ийм болохоор Нэгдсэн улсын хэмжээгээр энэ өдөр хотоос хот руу зорчих гэсэн хүмүүсийн урсгал ихэсч, авиа компаниудын билет сарын эхнээс алга болдог байна.

Мөн Талархалын баяраар хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол дараа өдөр нь тохиодог Black Friday буюу “хар Баасан гараг” гэж нэрлэгддэг өдөр юм. Энэ өдөр Америкт тэр жилийн хамгийн том хямдрал орон даяар зарлагддаг учир хүмүүс тэр жилийнхээ худалдан авах хэрэгцээтэй бүх зүйлээ амжиж хямдхан авах, мөн Зул сарын баярын бэлгээ эдийн засгийн хэмнэлттэйгээр бөөнөөр нь авах гэснээс үүдэн маш урт оочер дараалал үүсдэг. Томоохон электрон барааны болон их дэлгүүрүүд “эртэч шувуухай” хэмээн нэрлэгддэг хамгийн өндөр хувьтай хямдралаа өглөөний 4, 5 цагаас эхлэн өдрийн 12 цаг хүртэл зарладаг тул хүмүүс шөнө дундаас эхлэн оочерлох нь байдаг. Хямдралд оролцож байгаа бүх дэлгүүрүүд хэвлэл мэлдээлэл, сониноор дамжуулан ямар бараа хэдэн хувь хямдарч ямар үнэтэй болсон хямдрал хэдэн цаг хүртэл үргэлжлэх, хэдэн тоогоор зарагдах гээд бүх нөхцөлөө урьдчилан зарладаг тул хүмүүс хаашаа явахаа эртнээс төлөвлөж бэлддэг. Хямдрал шөнийн 11 цаг хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ өдрөөс Зул сарын баярын худалдан авалт албан ёсоор эхэлдэг гэж хэлж ч бас болно.

“Хар Баасан гараг” гэдэг нэр хямдралаас болж зам бөглөрч, гудамжаар хүмүүс шахцалдаж, дэлгүүрт бие биенээсээ өрсөх гэсэн хүмүүс бие биенийгээ гишгэсэн, буудсан гээд янз бүрийн хулгай дээрэм тонуул энэ өдөр нэлээн гардагаас үүдэн анх Филадельфиад гарсан гэж үздэг боловч бүх дэлгүүрүүдийн лангуу хоосордог гэдэг утгаар ингэж нэрлэсэн гэж ч бас зарим хүн үздэг.

Ихэнх дэлгүүрүүд жилийн бүх орлогынхоо тэн хагастай тэнцэх орлогыг зөвхөн энэ өдөр олдог. Жишээ нь Walmart сүлжээ дэлгүүрийн жилийн эхнээс энэ өдөр хүртэл цэвэр орлого нь 14 тэрбум байдаг бол, зөвхөн энэ өдөр 19 тэрбум долларын орлого олдог. Иймд хүссэн зүйлээ хямдхан үнээр авсан худалдан авагчид, өндөр ашиг олсон худалдаачид аль аль нь энэ өдөр сэтгэл хангалуун үлддэг байна.  

Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.