
Намбарын Энхбаяр 7.0 тэрбумын асуудлаар баривчлагдаж, оймсдуулж байлаа. Бүтэн жил хоригдож, эрүүл мэндээрээ хохирсон түүнийг авлигын загалмайлсан эцэг, аваа өгөөний зам засагч гэж цоллон барьж хориод юу ч өөрчлөгдөөгүй. Авдаг нь авч, өгдөг нь өгсөөр, төрөө тонож түмнээ хоосолдог луйварчдын алтан үе албан ёсоор үргэлжилж байна даа.
Чухам 800 орчим тэрбумынхаа асуудлаас айгаад Энхбаярын улс төрийн нүүдлийг улайран хуулж яваа хүн энд нэг бий. Тэр бол Баттулга. Тэд хоёулаа Ерөнхийлөгч байсан, хоёулаа төрийн тэргүүнээр нэг удаа сонгогдсон, хоёулаа төрөлх намдаа нөлөө бүхий явсан. Нэг нь 7.0 тэрбумын асуудлаар ачигдсан. Нөгөөх нь 800 гаруй тэрбумын асуудалтай, ачигдаагүй, АН-ын даргын албан бус сунгаанд ам мэдэн бурж яваа.
Тэдэнд адил болон ялгаатай тал хангалттай бий. Хэн хэн нь хаан явлаа, хэзээ унахаа мэдэхгүй дүүлж явлаа. Хэн хэн нь мөнгө авилгатай нэр холбогдлоо. Энхбаярын нэр нөлөөг ашиглан МАН-аас мангар олон баячууд төрийн мөнгөн дээр төрсөн. Баттулга харин байж болох бүхнийг өөртөө нааж, багаа шавхайтай хутгасан.
Ерөнхийлөгчийн суудлаас буусныхаа дараа, 2010 онд Энхбаяр МАХН хэмээх нам байгуулан, улс төрөөс явахгүй гэдгээ зарлан, намаа хоёр хуваасан бол Баттулга яг одоо АН-ыг хоёр хуваах алхмаа хийж явна. Тэдний нэртэй холбогдсоор ирсэн их, бага хэмжээний мөнгөн дүнтэй луйврын асуудал нь яван явсаар улс төрөөс зүүгдэн улаан амиа хаацайлах шийдвэр гаргахад хүргэсэн.
Энхбаяр 2009 онд хаан сэнтийгээс бууж, 2010 онд МАХН-ыг байгуулж, 2012 онд оймсдуулж, дөрвөн жилийн ял сонсож байлаа. Төрийн гурван өндөрлөгийн суудалд 12 жил ноёлж байхдаа түүний хорьсон, баривчилсан хүмүүсийн жагсаалт бас л хөвөрнө дөө. Баттулга 2021 онд хаан сэнтийгээс бууж, 2022 онд АН-ыг хагалан хуваах аянд мордлоо. Түүний эрх мэдэлтэй байхдаа хорьсон, баривчилсан хүмүүсийн нэрс ч бас хөвөрнө. Идсэн уусан, самарсан салтаадсан нь харин юун Энхбаяр. Гэсэн ч тэднийг шүтэн биширч, шүлсийг нь тосч суудаг бүхэл бүтэн үеийнхэн бий. Нам байгуулахад нь навсайтал дагаж, намба алдах насны хязгааргүй итгэгчид бий.
Энхбаяр эцэстээ МАХН-аа татан буулгаж, хүүдээ ганц суудал Сонгинохайрханаас зулгаан байж МАН-тай наймаа дугуйлсан. Хаантны ганц хүүгийн төлөө хамаг Монгол хэдэн жил доргиж, харцын үрс хүртэл хохирсон шүү дээ. Баттулга АН-ыг хоёр хувааж, өөрөө улс төрийн хамгаалалтанд орж, нэр холбогдсоор ирсэн 800 гаруй тэрбумын асуудлаа наминчлаад дуусах уу? Ялгаа нь гэвэл Н.Энхбаяр эрх баригч намыг хувааж байлаа. Баттулга парламентад 11 суудалтай, дуугарах мэдэлгүй, дугтрах хүчгүй АН-ыг хуваах нь дээ. Энхбаяр хоригдож ялаа эдэлсэн, Баттулга хоригдоход хоёр хуруу дутуу.
Тэдний дунд Элбэгдорж гэж бас нэг эвгүй хүн бий. Женкогийн 2017 онд АТГ-т шалгагдаж байсан хэргийг сэргээхэд л хэцүүхэн дүр зураг угтана. Түүнээс хойш хаан явахдаа нэмж үйлдсэн, нэрж залгисан болгон нь бас нэмэгдэнэ. Ийм л хүнийг МАН-ын нялх Ерөнхий сайд зөвлөхөөрөө аваад, зөндөө удаан ганзага нийлж байгаа гээд бодохоор уулгалан идэгч, урваач шарваачдын бүхэл бүтэн үе төрж, өсч, тогоо шанагаа тойрон хэлхэлдсээр л байх ажээ.
АН-ыг хоёр хувааж, парламент дахь 11 гишүүнийг нь хоёр талцуулан, улмаар 2024 оны сонгуульд орсныхоо дараа Баттулга хэнтэй ямар наймаа хийхийг таашгүй... Ямартай ч энэ хүн парламентад суудалтай намтай болох гэж борвио тэнийлгэж эхэлжээ.
Жар хүрээд жаргаж суух насандаа хийсэн гэм нүглээ халхалж хаацайлахын тулд хийгээгүй гавъяагаа мөрөөднө гэдэг... Ай бас айдастай хорвоо шүү. Ерөнхийлөгч байсан хүмүүсийнхээ хүүдийлсэн ууталсныг хаацайлалцах гэж улс үймж, иргэд талцаж, намууд хагарч, нийгэм цөмөрч, хэсэгтээ хэрүүлээр амьсгалж, хэлэлцээрээр дуусгах гэж хэн хүнгүй, дээр дооргүй зүтгэнэ гэдэг... Ай бас даажинтай орчлон юм даа.
Р.Эмүжин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(188.32.188.182) 2022-03-26 15:21Эмүжин шиг хэлчих хүн алга.
Хариулах