Хятадад цагдаа нар халдвар хамгааллын журмыг зөрчсөн иргэдийг олон нийтийн өмнө гаргаж шийтгэжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 30-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын өмнөд зүгийн Жиньши хотод халдвар хамгааллын журам зөрчсөн 4 иргэнийг гудамжнаа алхуулан, олон нийтийн өмнө гаргаж, ичээсэн явдал гарчээ.

Хөл хорионы үеэр иргэдийг хулгайгаар хилээр гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа дөрвөн иргэнд халдвар хамгааллын хувцас өмсүүлсэн байсан ба хувцсан дээр нь цээж зургийг нь нэртэй нь томоор хэвлэн наасан байжээ.

Гуаньси дэйли сонинд бичсэнээр цагдаа нарын уг үйлдэл "хилтэй холбоотой гэмт хэрэгтэй" тэмцэх арга хэмжээ байсан аж. БНХАУ-ын Соёлын хувьсгалын үед олон нийтийн өмнө ичээх явдал элбэг байсан ч ийм байдлаар иргэдийг шийтгэх явдлыг Бээжин хориглоод олон жил болж байгаа билээ.

Хятадын Коммунист намын Бэйжин Ньюс сонинд, "Жиньши хотын эрх баригчид хууль журмыг ноцтой зөрчсөн, ийм байдлаар хууль журам зөрчих явдлыг дахин тэвчихгүй." хэмээн бичсэн байна.

Глобал Таймс сонинд бичсэнээр Хятадын шүүх болон Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах яам 1980-аад оноос хойш гэмт хэргийн сэжигтнүүдийг гадаа гудамжинд гаргаж, олон нийтийн өмнө ичээх явдлыг хориглохыг хүссэн олон тооны шаардлага хүргүүлсээр ирсэн аж.

Сүүлд Хэбэй мужид 2020 оны 2-р сард хөл хорионы үеэр гадаа гарсан эрийг гадаа модонд уяж шийтгэсэн явдал мөн олны бухимдлыг төрүүлсэн юм.

Жиньши хотод сэжигтнүүдийг гудамжнаа алхуулж буй бичлэг 350 сая үзэлттэй болж, бичлэгийн доор 30 мянга гаруй коммент бичигджээ.

БНХАУ-д коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрх баригчид нь Бээжингийн Өвлийн Олимпын наадмаас өмнө халдварын тархалтыг зогсоохын тулд хатуу арга хэмжээнүүд авсаар байгаа билээ.

Халдварын тархалттай холбоотойгоор авч буй арга хэмжээнүүд нь олон улсын худалдааны салбарт нөлөөлсөөр байна. Өнгөрсөн лхагва гарагт л гэхэд дэлхийд чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Micron Technology компани Шиань хотод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор чипнийх нь нийлүүлэлт дэлхий даяар тасрах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.