Хятадууд хоёр Монгол иргэнийг бүлэглэн зоджээ

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Таван хятад залуу хоёр монгол иргэнийг гудамжинд зодож, хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 9-ны 20:00 цагийн орчимд Баянгол дүүрэгт гарчээ. Хятад иргэдэд зодуулсан хохирогч болох Е, Х нар нь тухайн үед тээврийн хэрэгсэлтэйгээ 3,4 дүгээр хорооллоос уруудаад Модны 2-ын зам руу оржээ. Энэ үед автомашиных нь шалавч тормазны доогуур нь нугаларч орсон учраас замын хажуугийн зогсоол шахаж зогссон байна. Гэтэл ард нь Приус маркийн автомашин тулж зогсон хэдэнтээ сигналдан улмаар зэрэгцэж ирээд цонхоо онгойлгон хятадаар зандчиж, хашгичиж эхэлжээ. Ингэхэд нь бүсгүй “Тойроод гарах зөндөө зай байна шүү дээ” хэмээн хэлээд цааш хөдөлсөн байна.

Гэтэл гэрлэн дохио дээр ирэхэд өнөөх хятад залуус дахин зэрэгцэж ирээд цонхоо онгойлгон монголоор элдэв хараалын үг урсгаж, бүсгүйг доромжилж эхэлсэн гэнэ. Үүнд нь дургуйцсан залуу найз бүсгүйгээ өмөөрөн цонхоороо цэвэр усны сав гаргаж шиджээ. Үүний дараа жолоо барьж явсан хятад залуу машинаасаа бууж тэдний машиныг нь өшиглөж цонхыг нь хагалах гэж оролдсон байна.

Энэ хооронд Монгол залуус цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдааг ирэх хүртэл тэднийг хүлээж бай хэмээн машиныг нь шахаж зогсчээ. Гэтэл хятад залуус Е,Х нарыг машинаас нь чирч буулган улмаар бүлэглэн зодож танхайрсан аж. Ингэхдээ бүсгүйн толгойг шилээр цохиж хагалсан гэнэ.

Цагдаа нар ирээд танхайрсан хятад залуусыг авч явахад тэд цагдаа нарыг ч гэсэн элдвээр доромжилж, хараалын үг урсгаж байжээ. Үүгээр ч барахгүй хохирогчдыг “Та нар өргөдлөө татаж авахгүй бол ална, амь настай чинь ярина” гэх мэтээр сүрдүүлсэн байна.

Хятад залуусын хувьд Монгол Улсад автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй, түр оршин суух эрхтэй байжээ. Гэхдээ жолооны үнэмлэхийг бол аль ч улсын иргэнд өгөх боломжтой байдаг гэдгийг албаныхан тайлбарлаж байна.

Монгол залуус эхлээд хятад иргэдийг согтуу гэж бодож байсан ч цагдаа нарыг үлээлгэхэд архи хэрэглээгүй болох нь тогтоогджээ. Харин хар тамхи хэрэглэсэн эсэх нарийвчилсан шинжилгээний хариу удахгүй гарах юм байна. Монгол иргэдийг зодож танхайрсан таван хятад залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдвол хар тамхи борлуулагч хэрэглэгчдийн нэгэн том сүлжээний сэжүүр ч гарах магадлалтай гэдгийг албаныхан хэлсэн юм.

Эл хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Зодуулсан монгол иргэдийн хувьд цагдаа болон шүүх эмнэлгийн байгууллагад хандаад байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.