
Сэтгэл яагаад өвдөж, гэмтдэг вэ?
Аура нь гэмтсэн, хараагдсан, хэл ам хүрсэн, идэх ёсгүй хоол хүнсээ идсэн, гол ус бохирдуулсан гэж үүнийг тайлбарлах нь бий.
Гол нь хүн байх ёстой газраа байж, хийх ёстой зүйлээ хийхгүй, хортой хүмүүстэй хамт байсаар байх үед ийм зүйл болж эхэлнэ.
Орон гэртээ байхгүй гадуур дотуур хонож, хэдэн өдөр архидаж, хийх зүйл нь тодорхой байсаар байхад хийхгүй, хойшлуулж, элдвээр хараалгаж, шүүмжлүүлсээр байвч орчноо өөрчлөхгүй юм бол хүн цог золбоогүй болж гундаж эхэлнэ. Ер нь өөрөөсөө л болно гэсэн үг.
Иймд аль болох дараах алхмыг хийхийг зориорой:
1. Энэ миний цаашид хамт байх ёстой хүн мөн үү гэж асуух. Үүнийг та өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. Мөн бол хайрласан шиг хайрлах, биш бол эртхэн холдох.
2. Би байх ёстой газраа байна уу? Байгаа газраасаа гарахад таны сэтгэл санаа тайван, амгалан байж чаддаг уу? Шартсан, гэлбэлзсэн, буруудсан, харамссан, ядарсан, гутарсан байдалтай байдаг уу? Тэгвэл та буруу газраа очсон байна. Дахиж битгий очоорой.
3. Та хийх ёстой ямар ажлаа хойшлуулж байна? Яг өнөөдөр түүнийгээ хийж эхлээрэй.
Бид аурагаа гэмтээсэн, хараал хэл ам хүрсэн гэхээсээ илүү эхлээд өөрийгөө зөв газраа, зөв хүнтэйгээ, зөв зүйлээ хийж байгаа эсэхийг нягталж үзэх нь тустай. Ингэвээс сэтгэл гэмтэж, өвдөхгүй байх боломжтой.
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.