
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Италийн Ла Рипублика сонинд өгсөн ярилцлагадаа Армени улс аюулгүй байдлын баталгаа тал дээр зөвхөн ОХУ-д найдсан нь стратегийн алдаа байсан гэдгийг онцолжээ.
Түүний ярьснаар Москва Уулын Карабахын бүс нутагтай холбоотой асуудал дээр Азербайжаны түрэмгийллийг зогсоож чадаагүй, Арменид аюулгүй байдлын баталгаа өгөх дээрээ бүтэлгүйтсэн аж.
Н. Пашинян ОХУ нь Арменитай аюулгүй байдлын гэрээтэй мөн тус улсад цэргийн баазтай хэдий ч Москва Арменийг ОХУ-ын талын улс гэж тодорхойлоход хангалтгүй гэж үзэн, Өмнөд Кавказын бүс нутгийг орхих үе шатандаа явж байгаа гэжээ. Ереваны хувьл аюулгүй байдлын олон талын бодлого баримтлахыг хичээж байгаа гэсэн нь Европын холбоо, АНУ болон бүс нутгийн бусад улс орнуудтай аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллахыг эрмэлзэж байгааг илтгэж байна хэмээн олон улсын ажиглагчид онцолж байна.
"Арменийн аюулгүй байдлын бодлого тэр дундаа зэр зэвсгийн нийлүүлэлт 99.999 хувь ОХУ-аас хамааралтай байсан. Тэгвэл өнөөдөр ОХУ-д өөрт нь зэр зэвсгийн хэрэгцээ гараад байна. Энэ нөхцөлд ОХУ яаж ч хүсээд Арменид аюулгүй байдлын баталгаа өгч чадахгүй нь ойлгомжтой. Уг жишээ нь аюулгүй байдлын тал дээр зөвхөн нэг түншээс хамааралтай байх нь стратегийн алдаа гэдгийг бидэнд харууллаа." хэмээн Арменийн төрийн тэргүүн дурьджээ.
Уулын Карабах нь олон улсад Азербайжан улсын газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ч тус бүс нутгийн 120 мянган хүн амын дийлэнх нь арменичууд бөгөөд 1990-ээд оны эхээр тусгаар улс болсноо зарласан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа билээ.
2020 оны 9-р сард Азербайжан, Уулын Карабахын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, тухайн оны 10-р сард талууд ОХУ-ын хамт галаа зогсоох гэрээ хийж, гэрээний дагуу тус бүс нутагт Оросын энхийг сахиулагчид байрлаж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн ч Ерөнхий сайд Никол Пашиняны ярьснаар оросын энхийг сахиулагчид хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй аж.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.