ОХУ-ын Дээд шүүх хүний эрхийг хамгаалах "Мемориал" олон улсын байгууллагыг хаах шийдвэр гаргажээ

Twitter Print
2021 оны 12-р сар 30-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Дээд шүүх ОХУ-д хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж буй Олон улсын хүний эрхийг хамгаалах "Мемориал" байгууллагыг хаах шийдвэр гаргажээ.

"Мемориал" байгууллага нь ЗХУ-ыг оршин тогтнох үед улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан мөн хоригдсон сая сая гэмгүй иргэдийн дурсгалыг хүндэтгэх, болсон үйл явдлыг хойч үедээ үлдээх үйл хэргийн төлөө ажилладаг аж. 2016 онд "Мемориал" байгууллагыг гадаадын улс орнуудаас санхүүжилт авдаг "гадаадын агент" гэсэн тодорхойлолтонд багтаасан билээ.

Прокурорын зүгээс "Мемориал" байгууллага нь Оросын түүхэн дэх "гайхалтай үйл явдлуудыг" онцлохын оронд ЗХУ-ын хар бараан түүхийг онцолж, Барууны орнуудын талд ажиллаж байна хэмээн буруутгаж, тус байгууллагыг нийгмийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгджээ.

1989 онд байгуулагдсан "Мемориал" байгууллага нь Орос улс дэлхийд нээлттэй болж, өнгөрсөн үеийнхээ хамгийн бараан түүхүүдээ эргэн харж, дахин давтахгүй байх зорилго тавьсныг илтгэх бэлгэ тэмдэг болсон юм. Тус байгууллагыг хаах шийдвэр гарсан нь ОХУ шүүмжлэлийг үл зөвшөөрөхөөс гадна шүүмжлэлийг дайсагнасан үйлдэл гэж тодорхойлж, ухарч байгааг илтгэж байна гэдгийг ажиглагчид онцолж байна.

"Мемориал" байгууллагын гишүүн Олег Орлов энэ талаар, "Бид хүчтэй, нэр нөлөө ихтэй дээр нь бидний хэлж ярьж байгаа зүйлс Оросын эрх баригчдын дургүйг хүргэдэг болохоор тэд биднийг сонгоод байна. Өнөөдөр эрх баригчид түүхийг улс төрдөө ашиглах болсон. Харин бид тэдний сонсохыг хүсээгүй зүйлсийг ярьдаг, бид өнгөрсөн хүнд цаг үеийн талаар ярьдаг нь тэдний уурыг хүргэдэг." хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Дээд шүүхийн шийдвэрийн дараа оросууд нийгмийн сүлжээнд "Мемориал" байгууллагын ачаар гэр бүл, ойр дотныхныхоо улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртсөн тухай мэдэж авснаа хуваалцаж эхэлжээ. ОХУ-ын эрх баригчдын шийдвэрийг бусад улс орнууд ч шүүмжилж байна.

ХБНГУ Оросын Дээд шүүхийн шийдвэрийг "ойлгомжгүй" хэмээн, уг шийдвэр нь хэлмэгдүүлэлтэнд өртсөн иргэдийн гэр бүл, ойр дотныхны дуу хоолойг хааж байна хэмээн мэдэгджээ.

"Мемориал" байгууллагад Оросын эрх баригчдын зүгээс олон жилийн турш дарамт шахалт үзүүлсээр ирсэн ч энэ дарамт шахалт нь 2014 онд ОХУ Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэснээс хойш улам бүр нэмэгджээ.

Өнгөрсөн жилүүдэд тус байгууллагын ханан дээр элдэв бусын зураг зурж, үйл ажиллагааг нь зурагтын сувгуудаар "хорлон сүйтгэх ажиллагаа" мэт дүрслэх болжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.