
Одоогоос яг 10 жилийн өмнө баасан гарагийн орой Японы зүүн эрэгт тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. 9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами Хоншүү арлыг тэр чигээр нь бүрхэж, бүхэл бүтэн хотуудыг газрын хөрснөөс арчиж, 18 мянга гаруй хүний амийг авч одсон билээ.
Японы зүүн эрэгт нийслэл Токио хотоос 220 км зайд байрлах Фукушима Дайчи атомын цахилгаан станцын хамгаалалтын систем газар хөдлөлтийг мэдэрч, цөмийн реакторуудыг автоматаар унтрааж, дизель түлшээр ажилладаг генераторууд асч цөмийг хөргөж эхэлжээ. Гэсэн хэдий ч удалгүй АЦС-ын хамгаалалтыг 14 м өндөртэй цунамигийн аварга давалгаа давж, реакторууд руу нь ус орж, цөмийг хөргөх ёстой дизель генераторуудыг ажиллагаанаас гаргаснаар цөм хайлж, цацраг идэвхт бодис агаарт дэгдэж, Номхон далай руу урссан юм.
Цацраг идэвхт бодис тархаж эрх баригчид тус бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн ба тус бүс нутгаас нийтдээ 500 мянга орчим иргэн газар хөдлөлт, цунами болон Фукушимагийн АЦС-д гарсан ослын улмаас гэр орноо орхин явахад хүрсэн юм. Фукушимагийн АЦС-ын ослын дараа хүний амь үрэгдсэн гэсэн мэдээлэл гараагүй ч АЦС-д гарсан дэлбэрэлтүүдийн улмаас 16 хүн шархдаж, АЦС-ын реакторуудыг хөргөж, станцын ажиллагааг тогтворжуулахаар ажиллаж байсан 10 гаруй хүн цацраг идэвхт бодисын туяанд хорджээ. Уг ослоос хойш 10 жил өнгөрсөн ч Фукушимагийн АЦС-ын ойр орчим хориотой бүс хэвээр байна. Эрх баригчдын хэлж байгаагаар уг ослын хор уршгийг арилгахад дахин 40 жил шаардлагатай аж. ДЭМБ-аас 2013 онд гаргасан тайланд Фукушимагийн АЦС-ын ослын хор уршгаар бүс нутагт хавдрын өвчлөл ноцтой нэмэгдэхгүй гэдгийг онцолсон байна.
Японы болон гадны орны эрдэмтэд Фукушимагийн АЦС-ын ойр орчимд цацраг идэвхт туяаны хэмжээ харьцангуй бага байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн ч иргэд АЦС-ын ослын хор уршиг асар их гэдэгт итгэсэн хэвээр байна. 2018 онд Японы засгийн газар Фукушимагийн АЦС-ын нэг ажилтан цацраг идэвхт бодисын туяанд хордож нас барсан болохыг албан ёсоор мэдэгдэж, гэр бүлд нь нөхөн олговор олгохоо мэдэгдсэн билээ. Фукушимагийн АЦС-ын ослыг Олон Улсын Атомын Эрчим Хүчний агентлаг 7-р түвшний осол гэж ангилснаар Фукушимагийн АЦС-ын осол Чернобылийн АЦС-ын осолтой нэг ангилалд багтжээ. Японы засгийн газраас явуулсан хараат бус шалгалтаар Фукушимагийн АЦС дээр гарсан осол нь хүний хүчин зүйлсээс болж гарсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба уг АЦС-ыг ажиллуулж байсан Тэпко эрчим хүчний компани нь аюулгүй байдлыг хангаж чадаагүй гэж үзжээ. 2012 онд Японы Ерөнхий сайд асан Ёшихико Нода Фукушимагийн АЦС-ын осолд Японы засгийн газар мөн буруутай хэмээн мэдэгдсэн ба 2019 онд Японы шүүх Японы засгийн газар осолд хэсэгчлэн буруутай ба ослын улмаас нүүн шилжсэн иргэдэд нөхөн төлбөр олгох ёстой гэж шийдвэрлэжээ. Ослоос хойш 10 жил өнгөрч, Японы зүүн хойд зүгт байрлах хэд хэдэн хотууд хориотой бүсэд тооцогдсон хэвээр байна.
Эрх баригчид бүс нутгийг аюулгүй болгохоор ажилласаар байгаа ч цөмийн хог хаягдлыг бүрэн цэвэрлэхэд ирэх 30-40 жилд хэдэн арван мянган хүн ажиллах шаардлагатай ба бүс нутагт цөмийн хаягдалтай 1 тонн гаруй ус байсаар байгаа аж. Японы засгийн газар цацраг идэвхт бодисыг нь багасгаж, цэвэршүүлсэн усыг 2022 оноос эхлэн Номхон далай руу урсгахаар төлөвлөж байгаа ч байгаль орчин хамгаалах Грийнпийс байгууллага Фукушима АЦС-ын орчмын ус нь хүний генд хор уршиг үзүүлнэ хэмээн үзэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.