Техаст хөгжмийн наадмын үеэр 8 хүн амиа алдаж, 300 хүн гэмтэл бэртэл авчээ

Twitter Print
2021 оны 11-р сар 08-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Техас мужийн Хьюстон хотод болсон Astroworld хөгжмийн наадмын үеэр шахцаалдаан үүсч 14-27 насны 8 хүн амиа алдаж, 300 хүн бэртэл гэмтэл авчээ.

Шахцалдаан Astroworld наадмын эхний өдөр буюу орон нутгийн цагаар баасан гарагт оройн 9 цагийн орчимд Америкийн рэппер Трэвис Скоттыг тайзан дээр гарсны дараа эхэлжээ.

Трэвис Скоттыг тайзан дээр гарсны дараа үзэгчид бүгд тайз руу ойртож эхэлснээс болж эмх замбараагүй байдал үүсч, шахцалдаан эхэлжээ.

Яаралтай тусламжийн багийнхан 17 хүнийг эмнэлэгт хүргэсний 11 нь зүрх зогссон гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Хьюстон Кроникл сонинд бичсэнээр Трэвис Скотт тайзан дээр гарсан хойноо хэд хэдэн удаа тоглолтыг зогсоож, хамгаалалтын албаныханд тайзны урд зогсож байгаа үзэгчид зүгээр байгаа эсэхийг шалгахыг хүсчээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар шахцалдаан үүсэх гол шалтгаан нь цэнгэлдэхэд хэтэрхий олон хүн цугларсан байсан ба тоглолтын үеэр хэв журмыг сахиулах ажилчдын тоо цөөхөн байсантай холбоотой аж.

2017 онд Трэвис Скоттыг Арканзаст хийсэн тоглолтынхоо үеэр үзэгчдийг хамгаалалтын шугамыг давж, тайзан дээр гарахыг уриалж, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас цагдаагийн албан хаагч, хамгаалалтын албаны ажилтан зэрэг хэд хэдэн хүн бэртэл гэмтэл авсантай холбоотой хэргээр баривчилж байсан билээ.

BBC агентлагаас мэдээлж байгаагаар шахцалдаан болохын өмнө тайз руу гарах гэж оролдсон үзэгчийг буулгаж байсан хамгаалалтын албаны ажилтны хүзүү рүү үл таних этгээд тариураар үл мэдэгдэх бодис шахсан хэрэг мөн гарсан байна.

Хамгаалалтын албаны ажилтан хүзүүг нь ямар нэг зүйлээр хатгасныг мэдэрсэн ч тэр дороо ухаан алдаж унажээ. Цагдаагийн газраас мэдээлснээр яаралтай тусламжийн эмч нар түүнд мансууруулах бодисын эсрэг ерөндөг тарьсан ба хүзүүн дээр нь зүүний мөр байгааг анзаарсан аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.