С.В.Паушокийн хэргийг сэргээе

2013 оны 11-р сар 28-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Гурван жил гаруй үргэлжилсэн “Алтан Дорнод Монгол” компанийн нэхэмжлэлтэй Арбитрын маргааны шүүх хурал өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 28-нд болж, Монгол Улсын Засгийн газрын ялалтаар өндөрлөсөн юм.

ОХУ-ын иргэн С.В.Паушок захиралтай “Алтан Дорнод Монгол”, “Востокнефтьгаз” компаниуд 2007 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оруулсан, лицензийг нь хүчингүй болгосон шалтгаанаар манай улсын Засгийн газраас нэг тэрбум ам.доллар нэхэмжилж, Арбитрын шүүхийн хаалгыг татсан юм. Харин манай улс уг нэхэмжлэлийн эсрэг С.В.Паушокоос төлөх ёстой татвараа өгөлгүй залилж, төсөвт учруулсан хохирлоо барагдуулах шаардлага тавьсан билээ.

Өнгөрсөн хугацаанд уг маргаантай холбогдох Арбитрын шүүх хурал Герман улсад болж, талуудын баримт материалыг хүлээн авч хэлэлцсэний эцэст шийдвэр гаргахаа илэрхийлээд өндөрлөсөн юм. Удтал хүлээлгэсний эцэст Арбитрын шүүх хурал өнгөрсөн жил болж, олон улсын арбитрчид Монголын талыг дэмжсэн.

Өөрөөр хэлбэл “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд хамаарах нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь олон улсын эрх зүйд бүрэн нийцсэн” гэж үзээд С.В.Паушокийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ АНУ-аас ирүүлсэн юм.

Тэгвэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушок саяхнаас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарыг буруутгах болсон юм. Харин Ц.Нямдоржийн зүгээс “Алтан Дорнод Монгол”-ын захирал С.В.Паушокид татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр манай хууль хяналтын байгууллага шалгасан.

Гэвч С.В.Паушок Арбитрын шүүхэд хандаж, тухайн үедээ Монголын талаас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч, шүүх үүнийг нь хүлээн авалгүй Монголын талд хэргийг шийдвэрлэсэн гэж мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл Арбитрийн шүүх уг асуудлыг нэг тийш нь болгосон учраас С.В.Паушокийн хэргийг дахин сэргээх шаардлага гарч байгаа юм.

Экс Хууль зүйн сайдын хэлэхээр  “С.В.Паушок С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил бид дөрвийг ярилцлагадаа дурьдсан байсан. Буруутгасан байсан. Би Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тойрсон, залилан хийх, Монголбанкаар дамжуулж мөнгө угаадаг байдал бий болсныг зогсоосон” гэж буй.

Мөн тэрбээр МАН-ын их хуралтай зэрэгцэн уг ярилцлага гарсан шалтгааныг тайлбарлахдаа “Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын захиалгаар энэ ярилцлага гарсан байх. Яагаад гэхээр О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн 1.5 тонн алтыг хадгалж, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон” гэх тайлбарыг өгсөн нь ч экс Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг ч энэ хэрэгт холбогдуулан шалгах хэрэгт санууллаад байна.

Сануулахад,  “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушок Монгол Улсад төлөх 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт  УМБГ-т сэжигтнээр татагдан шалгуулах үеэр тэрбээр нутаг руугаа  оргон зайлсан юм.

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.