Д.Нямхүү: Томуугийн вакцинд эргэлзэх хэрэггүй

Twitter Print
2020 оны 10-р сар 02-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн вакцинжуулалтыг “Томуугаас сэргийлье” уриан дор 10 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. 

Харин зарим иргэдийн хувьд вакцин найдвартай эсэхэд эргэлзэж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсан бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уг асуудалд хариулт өглөө. Тэрбээр "Энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс томуугийн вакцин хийх ажил улс орон даяар өрнөж байна. Томуугийн эсрэг вакциныг батламжтай, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч орц найрлага нь яг ижилхэн вакциныг хүлээж авсан. Тодруулбал, БНСУ-д, Бразил улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд байна. Хамгийн гол нь орц найрлага нь яг ижилхэн бөгөөд батламжтай вакцинууд бий. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан вакциныг оруулж ирсэн тул та бүхэн эргэлзэхгүй зүйлгүйгээр вакцинаа хийлгэх хэрэгтэй." гэсэн юм. 

Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт  А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын “Грийн Кросс” үйлдвэрээс саяхан хүлээн авч одоо дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүддээ: Нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, Аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харъяа  сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр  нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулна.

Хүүхдүүдэд вакцин хийлгэхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгсөн. Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхээр нь зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулна. Насанд хүрэгчдийн хувьд 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон архаг суурь өвчтэй хүмүүс, Эрүүл мэндийн ажилтанууддаа харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.

Ер нь дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. 
Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Мөн дан ганц вакцин амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлдэггүй. Та бүхэн гараа байнга угааж, амны хаалтаа зүүж, олон хүнтэй газруудаас явахгүй байхыг дахин дахин сануулж байна. 

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох

  • Дулаан хувцаслах 

  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх 

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх

  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

  • Вакцинд хэт мэдрэг хүн

  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн

  • Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн

  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед

  • Дархлал дутмагшилтай хүн

  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн

  • Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.